Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

Хүүхэд байснаа мартсан томчууд

9 сарын 10, 2021

Саяхан Фейсбүүк дээрх хамгийн олон монгол ээжүүд цугларсан “Mommy Central” групп дээр охидын үзлэг байх нь зөв, буруу эсэх талаар хэлэлцүүлэг өрнөв. Санал, сэтгэгдлээ үлдээсэн ээжүүдийн дийлэнх нь “Охидын үзлэг байх зүйтэй шүү дээ. Охидыг онгон, жирэмсэн, бэлгийн замын өвчтэй эсэхийг торуулна. Бидний үед ч хийдэг л байсан. Муудсан зүйл алга” гэж хариуг өгч байлаа.

“Билгүүний харандаа” комик цувралаас

Өөрийн туулж өнгөрүүлсэн зовлон, сэтгэлийн шаналлыг бусдад шалгуур болгон тавьдаг уламжлалт хандлага энд харагдаж байв. Харин нас биед хүрээд, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эхчүүд бяцхан охин байх үеэ санадаг болов уу? Урьдчилан сануулалгүйгээр сургуулийн хонгилд жагсаасан охид тал тал тийшээ хяран бүлтэлзэж, хүсээгүй эмчийн үзлэгээс аврах хүн хайж, сургуулийн удирдлагын өөдөөс эсэргүүцэх чадамжгүйн учир хүчинд автан хувцсаа тайлж байсан үеэ мартчихдаг юм болов уу? Хамгийн гол нь охидын үзлэг яг ямар эерэг үр дүн авчирсныг баримт нотолгоотой хэлж чадах хүн бий болов уу? Эсвэл уламжлал учраас, угаасаа хийсээр ирсэн учир зөв гэх сохор итгэл байна уу?

“Охидын дуу хоолой” судалгаанаас

Хэдий гуч гарсан ч би анхны охидын үзлэгээ сайн санадаг. 14 настай байсан юм. Хичээл тарсны дараа гэнэтхэн л бүх охидыг үзлэгт оруулна, хоёрдугаар давхрын … танхимын өмнө жагс. Үзлэгээс зугтсан охидыг асуудалтай гэж ойлгоно шүү гэж билээ. Хэний ч өмнө дэлгэж харуулаагүй биеэ сургуулийн өрөөнд, танихгүй хүнд шалгуулна гэж бодохоор айдас, ичингүйрэл, санаа зоволт, уур, жигшил зэвүүцэл зэрэг мэдрэмжүүд нэгэн дор төрж, хоёр гар маань өөрийн эрхгүй чичирч байсныг тодхон санадаг. Уг нь надад нуух, хаах зүйл байгаагүй л дээ. Гэвч өсвөр насны хүүхэд бүрд логикоор тайлбарлаж боломгүй айдас түгшүүр, өөртөө итгэлгүй байдал байдаг шүү дээ. “Хэрэв миний бэлэг эрхтэн бусдаас өөр гаж хэлбэртэй бол яах бол?”, “Би өөрөө мэдэлгүй дугуй унаж эсвэл спортоор хичээллэж байгаад онгон хальс цоорчихсон, үүнийг хараад бэлгийн харилцаанд орсон байна гээд сургууль даяар мэдчихвэл би яах вэ?”, “Би хэвийн хүүхэд биш бол яана?” гэх зэрэг бодлууд ээлжээ хүлээх хооронд толгой дотор эргэлдэнэ. Эцэст нь ангийн хаалга татан орлоо. Цагаан халаадтай эмээгийн минь үеийн настай эмч байгааг хараад бага ч гэсэн сэтгэл уужрав. Хүлээлттэй харьцуулахад үзлэг хийлгэх тийм ч хэцүү санагдсангүй. Бэлэг эрхтнээс арчдас авч, хөх барьж үзээд хөндүүр байгаа эсэхийг асуугаад гаргасан. Настай эмч ч найрсаг сайхан зантай байсан тул харьцангуй тайвшруулсан биз. Үзлэгийн талаар гэрийнхэн ч мэдээгүй байв. Элдэв асуудал гараагүй учир тэгсгээд мартагнав.

Гэтэл хэд хоногийн дараа сургууль даяар цуурхал гарч эхлэв. Сургууль дээр цуу яриа ямар хурдан тарж, яагаад ч зогсоох аргагүй байдаг билээ. “9Б-ийн У хүнтэй унтсан байж гэнэ”, “10А-ийн Б өвчтэй гарчээ” гэх зэрэг яриа анги бүрд дуулдах болов. Энэ ярианаас болж лав нэг охин сургуулиасаа шилжсэн юм. Зэргэлдээ сургуульд амиа хорлох оролдлого гарсан гэж бас дуулдаж байсан.

“Охидын дуу хоолой” судалгаанаас

Энэ бүхнийг эргээд санахад, нас биед хүрсэн эх хүний нүдээр харахад хөөрхий охидыг, тэдний амсаж туулсан сэтгэлийн шаналлыг төсөөлөхөд бэрх санагдана. Бэлгийн бойжилт нь эхлэн, дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл санаа нь тогтворгүй, эцэг эхээсээ сэтгэлзүйн хувьд өөрийгөө тусгаарлан, илэн далангүй ярилцахаа больдог яг энэ үеэр хүүхдийн бие эрхтэн, халдашгүй дархан байдал, хувь хүний нууц руу нь томчууд хүчээр дайрах хэр зөв бэ? Таны хүүхдэд энэ нь цаашид ямар сөрөг нөлөө үзүүлж болох талаар та бодож үзсэн үү? Би орж байсан, зүгээр байна гэх гэж байгаа бол хэсэг азна. Таны үзэж туулсан туршлагаар бүх хүүхдийн хорвоог харах өнцгийг хэмжиж болох бил үү? Та зүгээр байж болох ч зүгээргүй үлдсэн хүмүүс байж болно шүү дээ? Ер нь та өөрийгөө зүгээр үлдсэн гэдгээ яаж мэдэж байна вэ? Охидын үзлэгт орох үед танд ямар сэтгэгдэл төрж байсныг та эргээд нэг санах гээд үз. Бас өсвөр насны охинтой бол түүнтэйгээ ярилцаад, асуугаад үзэх хэрэгтэй. Үүнээс ургах хамгийн том асуулт бол “Охидын үзлэг үнэхээр ач холбогдолтой юу?”. Охидын эрхийг зөрчин, тэднийг хүчээр үзлэгт оруулснаар үр дүн гардаг уу? Бэлгийн замын халдварт өвчин, насанд хүрээгүй охидын жирэмслэлт буурдаг хэрэг үү? Хариултыг нь та өөрөө ч мэдэж байгаа. Буурдаггүй. Гэхдээ илрүүлдэг.

Нийт хүүхдүүдийн маш цөөн хувиас БЗХӨ, жирэмслэлт илрүүлэх гэж нийт охидоо сэтгэлзүйн дарамтад оруулах нь хэр ухаалаг алхам бэ?

Урьдчилан сэргийлэх алхам авахын оронд үр дүнг илрүүлэх гэж оролдох нь түймэр дэгдэж байхад утаатай тэмцэхтэй адил хэрэг биш гэж үү? Өсвөр насны жирэмслэлт, БЗХӨ-тэй тэмцэх хамгийн шинжлэх ухаанч, олон удаагийн туршилтаар батлагдсан арга барил нь уг нь хэрэгжүүлэхэд тийм хэцүү биш. Ердөө л хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, аюулгүй бэлгийн харилцааг сурталчлахад бидний хүссэн үр дүн өөрөө бий болно. Үүний тулд эцэг эхчүүд, боловсролын байгууллагууд хамтран ажиллах, хүүхдэд өөрийгөө илэрхийлэх аюулгүй орон зай бий болгож, хүүхдийг өөрийн бие оюун ухааны эзэн, хувийн нууц, нэр төрөө хамгаалуулах эрхтэй бие даасан гэдгийг хүлээн зөвшөөрье.

Бэлгийн боловсрол, анатомийн хичээлийг хүртээмжтэй болгож, эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаж заахаа больё. Жирэмслэлт бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эрэгтэй хүн ч эмэгтэй биеийн бүтэц, нөхөн үржихүйн эрхтний талаар ойлголттой байх нь зүй ёсны хэрэг. Сексийг хаалттай, ичмээр, нууц, болохгүй сэдэв гэдэг хоригоос салж, хүүхдүүдтэйгээ энэ талаар илэн далангүй ярилцаж, зөвлөгөө өгдөг соёлыг бий болгоё. Таны хүүхэд хэзээ нэгэн цагт бэлгийн харилцаанд орох л болно. Үүнийг хорих зогсоох арга танд даанч байхгүй. Энэ бол зайлшгүй үнэн. Тэвчих хэрэгтэй гэж та үзэж болно л доо. Гэвч бодит байдал дээр дэлхийн дунджаар өсвөр насныхан анх удаа бэлгийн харилцаанд ордог нас 17 байдаг. Тэгэхээр танаас нууцалж, эрсдэлтэй байдалд бэлгийн харилцаанд орж байгаад бэлгийн замын өвчин, хүсээгүй жирэмслэлтэд өртөх үү, тантай ярилцаж зөв мэдээлэл авсны дагуу өөрийгөө эрсдэлээс хамгаалж, хариуцлагатай байх уу гэдгийг эцэг эх л шийдэж чадна.

Өсвөр насанд бусдыг шохоорхох, анхны үерхэл, анхны хайр гээд олон нандин дурсамж тохиолдоно. Гэвч энэ бүхнийг эрүүлээр мэдэрч, эрсдэлгүй давж гарах нь эцэг, эхийн үүрэг хариуцлага юм. Үүний тулд эцэг эхчүүд өөрсдөө үнэн зөв мэдээлэлтэй байж, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлж, мэдээллийг боловсруулж сурах шаардлага амин чухал байна. Шинжлэх ухаанаар няцаагдсан, ямар ч ор үндэсгүй мухар сүсэг, домгийн шинжтэй арга барилыг өөрийн хүүхдэдээ тулгахдаа “Миний ээж намайг ингэж өсгөсөн, ээжийг минь эмээ ингэж өсгөсөн” гэж хэлэхээсээ өмнө “Яагаад?” гэж ганц ч удаа болов өөрөөсөө асуугаад үзээрэй. Ёс заншил, уламжлал бүр зөв байдаггүй. Дэлхий аварга яст мэлхийн хуяг дээр оршдог, усанд орвол буян нь арилна гэж итгэдэг байсан үе тийм ч эрт балар цагийнх биш. Тэгэхээр орчин цагийн хүүхдийг хоцрогдсон аргаар сургана гэж зүтгэхийн оронд өөрөө шинэ цагийн эцэг эх болохыг, хүүхдээ сонсож ярилцахыг санал болгомоор байна. Бид хүүхдүүдээ хүн болгож хүмүүжүүлэхээс гадна хүүхдүүд ч бидэнд эцэг эхийн хувьд асар их зүйл зааж сургадаг юм шүү.

Эцэст нь олон улсад эмнэлгийн бус орчинд, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр охидын үзлэг хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд ялангуяа бэлгийн харилцаанд орсон эсэхийг шалгадаг “хоёр хурууны тест”-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллага бэлгийн хүчирхийллийн ангилалд оруулан, хэрэгжүүлэхийг хориглодог юм.

Олон улсын сэтгэл зүй, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө хангалтгүй байгаа бол та хүүхдээ сонс. Түүний охидын үзлэгийн талаарх сэтгэгдлийг олж мэдсэн бол өөрөө хүүхэд байсан үеэ ахин нэг дурсахыг хичээгээрэй. Тэгээд таны доторх хүүхэд юу хэлж байгааг ойлгох гэж оролдоорой.

Нийтлэл бичсэн: О.Агиймаа