Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

П.Энхчимэг: Стрессийн улмаас бий болж буй өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна

2 сарын 17, 2022

- Монголчууд их уур бухимдалтай, стресс өндөр байна гэж ярих болоод удаж байна. Нийгмийн нөхцөл байдлаас хамаарч байна ч гэх юм. Уур бухимдал гэдгийг та мэргэжлийн хүний өнцгөөс тайлбарлаач?

- Та бидний сэтгэл хөдлөл санамсаргүй биш харин тодорхой шалтгаантай бөгөөд ямар нэг дохиог бидэнд хүргэж байдаг байгалийн өгөгдөл. Анзааралгүй орхисноор, илэрхий зайлсхийж үгүйсгэснээр алга болдоггүйг бид бүгдээрээ мэднэ. “Цаг нь биш, цаг нь болохоор, аяндаа зүгээр болох биз” зэрэг мартах гэж үл хайхрах нь нэг л мэдэхэд “нөмрөөд авна” эсвэл буруу газраа, буруу цагт их хэмжээгээр хяналтаас халин гадагшлахад хүргэдэг. Бид “сөрөг”, “ таагүй” сэтгэл хөдлөл гэж нэрлээд байгаа болохоос биш бүх сэтгэл хөдлөл байгалиас заяагдмал бөгөөд зүй ёсны хариу үйлдэл гэдгийг санууштай. Цаашлаад “сөрөг” сэтгэл хөдлөлөө анзаарч, нүүр тулсанаар өөрийгөө ойлгох, хөгжүүлэхэд эргүүлээд ашиглах боломжтой. Уурыг задлахаар унтууцах, бухимдах, уцаарлах, хилэглэх гээд ялгаатай. Хүн сүүн тэжээлтэн амьтны нэг төрөл зүйл учраас бидний тархинд аюул тулгарахад зугтах, хамгаалах механизм ажилладаг. Уур бол үүний нэг хэсэг. Бусдын үйлдэлд тохирсон хариу үзүүлэхэд, хил хязгаараа тогтооход, мөн эрүүлээр илэрхийлэхэд уур тусладаг. Хэн нэгэн дээрэлхэх, доромжлох, тавгүйтүүлэх зэрэг гадаад хүчин зүйлээс мөн өнгөрсөн дурсамж, дотоод зөрчил, сэтгэцийн тулгамдсан асуудал гээд дотоод шалтгаанууд нөлөөлж болно. Тиймээс уурыг яг одоо цагт болж буй үйл явдалд гаргаж буй хариу үйлдэл гэж итгэхэд учир дутагдалтай. Ухамсаргүйгээр өнгөрсөн дурсамж, нөхцөл байдлыг тухайн цаг үед болж буй үйлдэл өдөөснөөр өнгөрсөн цаг үеийн бухимдлаа одоо цагт шилжүүлэх нь бий. Жишээ нь, байнга хэн нэгэн буруутгаж шүүмжилдэг байсан бол хариуцлагаас зайлсхийх эсвэл үүний цаана ичгүүрийн мэдрэмж бий болдог.

- Өнөөдөр бидний бухимдалтай байгаа шалтгаан нь юу вэ. Үнэхээр нийгэм ингэж их стресстүүлж байна уу. Үүнд юу нөлөөлж байгаа, хүчин зүйлс яг юу байна?

- Нийгэмд бидэнд стресст орох магадлал өндөр байна. Улс оронд засаглах улс төр, эдийн засгийн хэвийн тогтмол бус байдал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр стандартгүй, шүүлтүүргүй гаргаж буй мэдээлэл гэх зэрэг олон хүчин зүйлс бидний өдөр тутмын амьдрал, ажилд нөлөөлж байна. Нийгмийн тогтолцооны ээлгүй,  таатай тайван амьдрах нөхцөл хангалттай биш байгаа нь бидний стрессийг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болно. Өмнө дурдсанчлан бидний бусдыг халамжлах, зугтах хамгаалах систем сүүн тэжээлтний төрөл зүйлийн өгөгдөл. Тиймээс орчноос нөлөөлөх тайван бус байдал бидний амь гарах тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл болж болох юм.  Дийлэнхдээ сэтгэл зүйн хувьд ядарсан туйлдсан орсон хүмүүс өөрийгөө хүчгүй, эрх мэдэлгүй, магадгүй тухайн нөхцөлдөө гарах гарцгүй болсон мэт мэдрэх хандлагатай. Эрч хүчгүй, урам зориггүй, нойргүйдэл зэрэг нь улам л сэтгэл санааны хувьд ядарч цуцаж байгаа мэт мэдрэмжтэй болгодог. Бид дор бүрнээ аль нь миний хийж чадах зүйлс, аль нь хяналтаас гадуур буюу гадаад хүчин зүйлсээс болоод байна гэдгээ таних, мэдрэх боломжгүй байна. Мэдээж гадаад ба дотоод хүчин зүйлс хоорондоо харилцан хамааралтай байгаа шүү дээ. Хэдий тийм ч бид алсын хараатай бодож ирээдүйн амьдралын чанараа бодож одоо хэр их стрессдэж байгаагаа үнэлж хэр бодит байгааг нь бас харж болох юм.

- Уур бухимдлаа илэрхийлэх ямар хэлбэрүүд байдаг вэ?

- Хүчтэй сэтгэл хөдлөл төрөх үед үүний шалтгаан нь гадна талд бодитоор байгаа хэн нэг хүн эсвэл үйл явдал бус та ийм хүчтэй сэтгэл хөдлөл болгон хүлээж авч байгаагаа бодлоос улбаатай байдаг. Жишээлбэл хэн нэг хүнд маш их уурлаж, хилэгнэж байлаа гэхэд бүх анхаарал тухайн хүн дээр төвлөрсөн байдаг. Харин энэ үед өөрийн бие махбодод төрж байгаа мэдрэмж, мэдрэхүй дээрээ төвлөрч чадвал энэ сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулахад илүү дөхөм байна. Өөрөөр хэлбэл хэн нэг хүн, аливаа үйл явдал, нөхцөл байдлаас үүдэн сэтгэл хөдлөхөд тэдгээр гадна байгаа хяналтаас гадуурх зүйлс дээр төвлөрөхөөс илүүтэйгээр түүнийг хэрхэн тусган авч буй өөр дээрээ буюу хамгийн бодитойгоор бие махбод дээр үүсч байгаа мэдрэхүй ямар байгаа, тухайн сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн даван туулж байгаагаа анзаарах нь хүчтэй сэтгэл хөдлөлийг зохицуулах үр дүнтэй аргачлал болдог. Мөн одоо төрж буй уцаар, бухимдал, цухалдал, уурыг хэрхэн би өөртөө ашиглаж болох вэ гэж бодон эдгээр мэдрэмжүүдтэйгээ найзлаж болно. Эхлээд танин мэдэж, дараа нь мэдэрч, улмаар хэрхэн эрүүл аргаар илэрхийлж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Сэтгэл хөдлөл, мэдрэмжид хүргэсэн бодлоо эргэн таних хэрэгтэй болов уу. Эдгээрийг мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламжтайгаар хийж болно. Уураа шууд гадагш бусдад түрэмгийгээр илэрхийлдэг хүмүүс байдаг. Мэдээж уураа илэрхийлэх нь зөв ч хэрхэн эрүүлээр илэрхийлэх вэ гэдэг илүү чухал. Зарим тохиолдолд уураа, мэдрэмжээ залгиад чимээгүй өнгөрөөсөн нь дээр гэж үзэн дотроо уурлаж бухимддаг идэвхгүй ууртай хүмүүс мөн байдаг. Гэхдээ бид аль ч хэлбэрээр ууралдаг бай, ойлгох гол зүйл бол бие махбод, оюун санаа салшгүй холбоотой. Та сэтгэл хөдлөлөө эрүүлээр илэрхийлэхгүй байх нь таны дархлааны системийг дарангуйлдаг. Улмаар уртдаа биемахбодийн өвчлөлд амархан нэрвэгдэх асуудлууд үүснэ.

- Уур бухимдал, стрессээ зөв тайлж, тайтгарч чадахгүй бол бидний бие организмд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Хэрэв бид стрессээ буруу тайлбал бие организмд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

- Тэгэхээр стрессийн талаар нэмэлт тайлбар өгөх шаардлагатай болж байна. Стресс гэдэг нь төрөл бүрийн аюул, үйлээс өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн, байгалиас өгөгдсөн хамгаалах механизм юм. Олон мянган жилийн туршид хүн төрөлхтөн оршин тогтнож, амьд үлдэхэд нь стресс чухал нөлөө үзүүлж, аливаа аюултай нөхцөлд түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлэх боломжийг бий болгодог байсан. Тэгэхээр стресс бас ашигтай ч удаан үргэлжилсэн болон хэт их хүчдэлтэй стресс нь ашиг тусаа алдаж хүний бие махбодын хийгээд сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлэхийн хажуугаар эрхтэн системийн өвчлөлийг үүсгэх чадамжтай болдог. Учир нь стрессийн үед хүний тархинаас төрөл бүрийн ноёлох болон завсрын дааврууд ялгарч тэдгээр нь урт хугацаандаа бие махбодын биологийн хэмнэлд өөрчлөлт оруулах, зүрх судасны өвчлөл үүсгэх, цаашлаад дархлааны системийг гэмтээснээр хавдраар өвчлөх эрсдэлийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг болохыг олон улсын судлаачид олон судалгаагаар баталж байгаа. Хүн аюулыг мэдэрсэн үед тархи нь биеийн бусад хэсгүүдэд тэмцэх эсвэл зугтах, зайлсхийх дохиог илгээдэг. Энэ дохио нь физиологийн үйл ажиллагаануудыг идэвхжүүлдэг. Үр дүнд нь: Зүрхний цохилт, цусны даралт нэмэгдэх, түргэн амьсгалах зэрэг шинжүүд илрэх ба ингэснээр булчин болон тархинд очих хүчилтөрөгч нэмэгдэж хүн илүү хурдан үйлдэл хийх, хурдан сэтгэх боломжтой болдог. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нөхөн үржихүйн эрхтэн, арьс болон бусад эрхтэн тогтолцоо дахь цусны эргэлтийг саармагжуулж, булчинд очих цусны эргэлтийг илүү нэмэгдүүлдэг. Стресстэн үед бий болж буй энэ процесс нь хүний бие физиологийн үйл ажиллагааг хурдтайгаар нэмэгдүүлдэг тул хүн богино хугацаанд маш их эрчим хүчийг зарцуулдаг. Бие махбодод нийтлэг илэрдэг шинж тэмдэгүүдээс дурьдвал даралт ихсэх, цээжээр өвдөх, ам хатах, жин өөрчлөгдөх, холестерин нэмэгдэх, арьсны өвчлөлүүүд, нуруу өвдөх, бэлгийн дуршил буурах, толгой өвдөх, ядарч сульдах зэргээр хязгаарлагдахгүй юм. Стрессийн үеийн хариу урвал, шинж тэмдгүүд нь удаан хугацаанд үргэлжилсээр байвал бие махбодын хийгээд сэтгэцийн эмгэг өөрчлөлт, өвчлөлтүүд бий болох шалтгаан болж болдог. Стрессийн улмаас бий болж буй өвчлөл, өөрчлөлтүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үхлийн шалтгаан ч болсоор байна.

- Ер нь бид сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд юуг мэддэг байх шаардлагатай вэ?

- Хувь хүн өөрийн стрессээ зохицуулах, сэтгэлээ таатай мэдрэмжтэй болгох өөрийн гэсэн аргуудтай байх хэрэгтэй. Энэ ажлыг дуусахаар, тэр зүйлийг хийсний дараа гэж хүмүүс их хойшлуулдаг. Гэтэл таны сэтгэл санаа бие махбодод учирсан асуудал таны ажлыг дуусахыг хүлээлгүй хүрээгээ тэлсээр амьдралын чанарт нөлөөлсөөр байдаг.  Тиймээс бид сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд өөрийгөө анзаарч ажигладаг байх хэрэгтэй.  Жишээлбэл бид өглөө бүр за одоо нүүрээ угаах ёстой гэж бодолгүйгээр бид нүүр гараа угаадаг болсон байдаг шүү дээ. Түүний адил өөрийгөө, сэтгэл санаандаа юу байгааг ажиглан анзаарах 5 минутыг өдөр бүх гаргаснаар алсдаа бага багаар амьдралын тань нэг хэсэг болон төлөвшсөн байна. Өөрөөр хэлбэл дараа нь юу болох бол гэдэг бодолгүйгээр ухамсартайгаар анзаарах оролдлого яг энд одоо цагт төвлөрөх нь чухал. Энэ нь таагүй сэтгэл хөдлөлийг үүсгэж байгаа бодол, дуу хоолой, үг хэллэг, бие махбодын мэдрэхүй бүрийн хором бүрээр ялган тодорхойлоход дэм болдог. Үүний зэрэгцээ ажил, амьдралынхаа стрессээ эрүүл ба эрүүл бусаар зохицуулах гэж оролдож байгаа олон аргыг хүмүүс ашигладаг. Мэдээж эрүүл бус аргуудад архи тамхины хэрэглээ, их хэмжээгээр идэх, сахар каффейн агуулсан хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлэх, хэт их эсвэл бага унтах, нийгмийн, хүн хоорондын харилцаанаас зайлсхийх, өөрийгөө тусгаарлах, бусдыг эсвэл өөрийгөө гэмтээх, өөрийнхөө сэтгэл хөдлөлд бусдыг буруутгадаг, түрэмгий зан авир гаргах зэрэг ордог. Эрүүл бус гэж нэрлэж байгаагаас анзаарахад дээрхи аргууд стрессийг бууруулахад уртдаа нэмэр болохгүй л болов уу. Түр зуурын тайвширч байгаа мэт мэдрэмж төрүүлдэгийг үгүйсгэхгүй. Алсдаа эрүүл мэндийн, харилцааны, нийгмийн асуудал дагуулаж байдаг. Тиймээс эрүүлээр хэрхэн зохицуулж сурах вэ гэж илүү бүтээлчээр хайгуул хийх хэрэгтэй. Нэн түрүүн таны стресс өдөр тутмын тань амьдралын хэмнэлд нөлөө үзүүлж байна уу гэдгийг анзаараарай. Үүн дээр өөрийгөө тайвшруулах өөртөө тохирсон арга барилтай болох, бусадтай зүрх сэтгэлээ хуваалцах, хийх дуртай ямар нэг зүйл олох ингээд ч тус болохгүй бол мэргэжлийн тусламж, үйлчилгээнд ханддаг байх хэрэгтэй. Энэ маань хэдий стресс зохицуулалтын талаар ярьж байгаа хүрээнд харагдаж байгаа боловч алсуураа таны насжилт, эрүүл мэнд, хэрхэн амьдраад буцах талаар ярьж байгаа өргөн хүрээтэй асуудал юм.

- Бусдыг байнга шүүмжилж, үл тоомсорлох нь уур бухимдлаа эрүүлээр гадагшлуулах ойлголт мэдлэг хангалтгүйх байж болдог уу?

- Шүүмж гэж юу вэ, шүүмжлэлийг бид хэрхэн ойлгохоо эхлээд бодох хэрэгтэй. Тухайн асуудлыг сайжруулах засаж залруулахад чиглэсэн ул суурьтай шүүмжлэл байна уу, эсвэл хувь хүний үнэт зүйл, оршихуйг хөндсөн ялгаварлан гадуурхсан шүүмжлэл байна уу? Ул суурьтай шүүмжлэл бол үйлдэлд чиглэдэг. Харин бусдын гаднах дүр төрх, соёл хүмүүжлийн ялгаатай байдал, нас хүйс гэх мэт ялгаатай байдлыг үгүйсгэж шүүмжлэх нь эрүүл шүүмж биш юм л даа. Бусдыг өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмждээ буруутгах нь хариуцлагагүй үйлдэл юм. Энэ нь шүүмжлүүлж байгаа хэн нэгний бус өөрийн мэдрэмж, дотоод хямрал зөрчилөө таньж чадахгүй, тухайн бухимдалаа бусдыг шүүмжлэх замаар илэрхийлэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө байгаагаар нь таних, ойлгох, улмаар хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн шинж болов уу. Өөрийнхөө дотоодод нуугдсан аливаа тааламжгүй мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөхгүй,өөртөө итгэлгүй байснаар бусдыг байнга шүүмжлэх хандлагатай болсон байх нь бий. Тэгэхээр эхлээд өөрлүүгээ өнгийх хэрэгтэй болж байна. Миний зүрх сэтгэлд төдийгөөс өдий хүртэл юу байна, мэдээж нийгмийн олон асуудлуудыг дурьдах байх гэхдээ энд бид амьдраад байна. Юу миний хяналтанд байна, юуг би өөртөө ядаж хийж өгч болмоор байна зэргийг бид анзаарах хэрэгтэй.

- Тэгвэл уур бухимдал, стрессээ хэрхэн эрүүлээр тайлах вэ?

- “Уураа барь, ууртай хүн муухай, уурлаж болохгүй гэдэг өгүүлбэр их сонсогддог. Уураа барихад бус хэрхэн эрүүлээр зохицуулах вэ гэдэг нь бидэнд илүү эрүүл бөгөөд үр дүнтэй. Уурыг чинь өдөөгөөд байгаа зүйл юу вэ? Уураа цааш нь хав дарахаасаа өмнө танин мэдэж зураглал хийх гээд оролдоорой. Таны бодол, сэтгэл хөдлөл, бие махбодод ямар дохионууд ирж байна. Өнгөрсөн болон ирээдүйн зовнил бидэнд хэрхэн мэдрэгдэж болохыг танин мэдээрэй. Санаа зовоосон асуудлуудын хариу урвал болох уур тань магадгүй одоо цагт, тухайн нөхцөлд байгаа асуудлаас бус түүгээр өдөөгдөх сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, сэтгэл гутрал, бусад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаас шалтгаалсан байж болох юм. Уураасаа салмаар байна гэж зарим хүн хэлдэг. Уур хаашаа ч алга болохгүй, харин болоод өнгөрсөн зүйлийг дахин дахин толгойдоо тоглуулаад, үргэлжлүүлэн давтаж яриад, хоол идэж байхдаа унтахдаа ч бодсоор байгаа нь уурыг бид дадлагажуулаж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл уурлахдаа илүү сайн болохдоо бэлтгэж байна гэж болно. Тэгвэл юу хийж чадах вэ? Уураа үгүйсгэлгүй, зайлсхийлгүй, дотроо танин мэдэх, таниад орхих, мөн уураа бичих, зурах, бясалгах, уйлах, алхах, ус ч юм уу залгилах, амьсгалах гэх мэт аргаар илэрхийлэхэд суралцах хэрэгтэй. Хэрвээ эдгээр аргууд боломжгүй санагдаж байвал уурыг тань хүргээд байгаа тойрсон сэдвүүдээ судлаад ажиглаад үзээрэй. Тэр сэдвүүдийн ард нуугдах сэтгэл хөдлөлүүдийг ажиглаарай. Орчноо ажиглах, чангарсан, атгасан биеэ, нүүрээ хөдөлгөн суллах, алхах зэрэг тайвшрах техникүүд мөн тус болдог. Угтаа бидний бие махбод хором бүр ялгаатай сэрэл, мэдрэмж хүртэж мэдэрч байдаг. Хөдөлгөөнөөс үл хамааран хөдөлгөөнгүй сууж байхад ч сэтгэл хөдлөл ба бие махбодод хэрхэн мэдрэгдэж байгааг ялгаж сурах нь нэн чухал ур чадвар. Айдас, түгшүүр, уур бухимдал зэрэг өөртөө илэрч байгаа сэтгэл хөдлөлүүдийг харгалзах бие махбодын дохио мэдрэхүйн ялгаатай байдлыг танин мэдсэнээр тэдгээрийн нөлөөнд автах бус одоо бухимдал маань уур болох нь байна, уур маань хилэн болох дөхөж байна зэргээр танин урьдчилан сэргийлэхэд дэм болдог. Уураа зохицуулахад үнэхээр хүндрэлтэй бол өөрийгөө болон бусдыг гэмтээдэг бол мэргэжлийн үйлчилгээнд хандах нь чухал юм.

 

 

Ц.Уянга