Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

Та өөрөө ч мэдэхгүйгээр хүчирхийллийн хохирогч даван туулагчийг буруутгадаг юм биш биз?

9 сарын 23, 2021

Та өөрөө ч мэдэхгүйгээр хүчирхийллийн хохирогч даван туулагчийг буруутгадаг юм биш биз? Хүчирхийллийн хохирогч/даван туулагчийг буруутгах хандлага гэдэгт юуг ойлгох вэ?

“Энэ хүн хүчирхийллийг тэвчиж байхаар зүгээр салчихгүй дээ, хүүхдүүдээ бодохгүй дээ, өөрөөсөө л болдог юм биш үү?” гэх мэтээр хэн нэгний даван туулж буй амьдралыг хөндлөнгөөс харж, шүүмжилж байгаа нь хүчирхийллийн хохирогч/даван туулагчийг буруутгах хандлагын хамгийн түгээмэл жишээ юм. Энэхүү хохирогч/даван туулагчийг буруутгах хандлага нийгэмд өргөн тархаж, өдийг хүртэл хүчтэй оршин байгаа нь хүчирхийллийн даван туулагч хэн нэгэн намайг буруутгах байх, миний буруу байх гэсэн айдсаар нөхцөлдөж өөрийгөө нийгмийн амьдралаас тусгаарлах, хүчирхийллийг чимээгүй өнгөрүүлэх, улам бүр даамжрах шалтгаан болдог.

Нийгмээс даван туулагчийг буруутгах тусам хэн ч надад туслахгүй, өөр зам байхгүй, би л өөрчлөгдвөл хүчирхийлэл зогсоно, амьдрал арай дээр болно хэмээн итгэж, маргаашийн төлөө чармайсаар нэг л мэдэхэд хүчирхийллийн тойрогт гүн шигдсэн байдаг. Ингэснээр энэ хэрэг улам л хаалттай хаалганы цаана өрнөж, хохирогч олон сар, жилээр хүчирхийлэл дунд чимээгүй шаналан зовж амьдардаг.

Жендэрт суурилсан хүчирхийллийн хэрэг гарах бүрт олон нийт цахим орчинд шуугиж анхаарлаа хандуулж байгаа хэдий ч тухайн хэрэг удахгүй мартагддаг хэвээр л байна. Цахим орчинд шуугисан тухайн хэргийн талаарх мэдээлэл доороос эдгээр үгс хэдэн арваараа бичигдсэн байхыг та төвөггүй олж харна. “Хүчирхийллийг тэвчиж байхаар зүгээр салчихгүй дээ, хүүхдүүдээ бодохгүй дээ, өөрөөсөө л болдог юм биш үү?, өөрөө явдалтай болоод л ингэсэн байх, анхнаасаа л хэтэрхий давраачихсан байна, эрт мэдэгдэхгүй дээ, яах гэж ийм хүнтэй нийлдэг байна аа” гэх мэт хэзээний танил эдгээр үгс…

Магадгүй та өөрөө ч мэдэлгүй хохирогч/даван туулагчийг буруутгах хандлага гаргадаг байж болно. Таны ач холбогдол өгөхгүй бичиж, илэрхийлж байгаа хэдхэн үгс хохирогчийг буруутгаж, хүчирхийлэл үйлдлэгчийн үйлдлийг зөвтгөж, хамгаалсаар байна. Шууд утгаараа хүчирхийлэгчийн зөв гэж хэлэхгүй байгаа ч даван туулагчийг шүүмжлэх нь нийгэм хэний талд орж, буруутанг хаацайлж байгааг харуулна. Тэгвэл одооноос хохирогчийг дахин давхар хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд даван туулагчийг ДЭМЖ, ИТГЭ, УРМЫН ҮГ ХЭЛ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ОЙЛГО, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛ…..

Энгийн жишээ төсөөлөөд үзье л дээ. Та гудамжинд явж байтал нэг нохой ирээд таны хөлнөөс хазчихав. Хүмүүс таныг чи хөлөө гаргачихсан байсан юм уу? Чи нохойны анхаарлыг татах ямар нэг юм үнэртүүлсэн байсан уу? Чи яах гэж тэр гудамжаар явж байсан юм бэ? гэх мэтээр хандвал танд гомдолтой, бухимдмаар хэцүү санагдахгүй гэж үү?

Аливаа асуудлыг хүчээр шийдэхийг оролдож сэтгэл санаа, бие махбодид хохирол учруулж, хүчирхийлэл үйлдсэн бол түүнийг зөвтгөх НЭГ Ч ШАЛТГААН БАЙХ ЁСГҮЙ.

Жендэрт суурилсан хүчирхийлэл зөвхөн Монгол Улсад тохиолддог асуудал биш гэдгийг та мэдэх байх. Энэ бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгааны дүнгээр дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 35% нь амьдралынхаа аль нэг үед дотно хамтрагчийн болон бусдын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан байна. Иймд үүнийг таслан зогсоохын тулд таны хохирогч/даван туулагчийг буруутгахгүй байх хандлага байшингийн суурь адил чухал юм шүү.

Энэ дэлхийд хүн биеийг олж төрсөн хэн ч хүчирхийлэл дарамтад өртөхийг хүсэж мөрөөдөж төрөөгүй. Хүн бүр хангалуун амьдралтай, амжилттай байх албагүй. Гэхдээ энэ дэлхийд амьдарч буй хүн бүр тайван амгалан, айдас түгшүүргүй хүчирхийлэл дарамтаас ангид амьдрах эрхтэй.

Нийтлэл бичсэн: Ц.Ононтуул, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын хөтөлбөрийн менежэр

Энэхүү нийтлэлийг “Хөөрхөн Зүрх” ТББ-аас зохион байгуулж буй “Нэг Тэрбумаараа Тэмцье” олон улсын хөдөлгөөний хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч/даван туулагчдыг буруутгахгүй байх хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиж байна. Таны ойлголт, таны хандлага хохирогч/даван туулагчдад ээлтэй, тэднийг буруутгахгүй нийгмийг бүтээхэд чухал юм шүү.