Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

“Тэвчиж амьдрах гэж гэр бүл зохиодоггүй”

9 сарын 13, 2021

“Хөөрхөн Зүрх ТББ”-аас “Нэг Тэрбумаараа Тэмцье” олон улсын хөдөлгөөний хүрээнд хүчирхийллийг даван туулагчдын захидлыг тав дахь жилдээ хүлээн авч, дуу хоолойг дамжуулж буй. Энэ удаад өөрийн амьдрал, туулсан түүхээ хуваалцаж, охид, эмэгтэйчүүдэд урам өгөхөөр холбогдсон Б.Өлзийбаярын ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Намайг Өлзийбаяр гэдэг. Би хөрөнгийн зах зээлд бизнес эрхэлдэг. Энэ салбарт ороод 10 жил болж байна. Санхүүгийн зах зээл гэхээр банкны захирал, хөрөнгийн зах зээлд эрэгтэйчүүд дийлэнх гэсэн ойлголт байдаг. Миний хувьд эрчүүд давамгайлсан салбарт анх удаа хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн үнэт цаасны арилжаачдын холбооны удирдах зөвлөлийн дарга хийж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэсэн хүсэл, эрмэлзэлтэй хүн байгаа юм/инээв/.

Хүн чаддаг зүйлээ хийхэд эрэгтэй эмэгтэй гэж ялгахаас илүү ажилдаа мэргэжлийн байх, хэлсэн амандаа хүрэх, зорьсон зүйлдээ тууштай байхын бол олон нийт болон хамт олон өөрийг тань үнэлдгийг харуулах гэж зорьж байна. Тэрнээс “би эмэгтэй болохоороо давуу эрхтэй байна” гэсэн хандлагыг дэмждэггүй.

-Гэр бүлээс хамааралтай хүчирхийллийг даван туулж байгаа эмэгтэйчүүдийн хувьд эрчүүд давамгайлсан нийгэмд өөрийн чаддаг зүйлээ хийх боломж хэр байна гэж боддог вэ?
-Амаргүй. Ялангуяа Азид хүүхдийг багаас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг зөрчсөн хандлагаар хүмүүжүүлэх нь бий. Хоёул нийлж гэр бүл болдог байхад эрэгтэйг нь өрхийн тэргүүн гэж залах, ганц бие эмэгтэй болохоороо өрх толгойлсон эмэгтэй гэдэг. Энэ нь хэн хэндээ их дарамттай. Жишээлбэл, эрэгтэй хүнийг өрхийн тэргүүн гэж цоллосноос гэр бүлээ тэжээх, мөнгө олох ёстой, уйлж болохгүй гэсэн үзлээс болж үзэл бодлоо илэрхийлэхгүй бугшмал болгодог. Эмэгтэйг нь эрэгтэй хүнийг дээдлэх, нөхөр хүүхдүүдээ нэгдүгээрт тавьж, идээний дээжээ өгөх, өөрийгөө хойш тавих эсвэл эмэгтэй хүн хүүхэлдэй шиг гоё байх ёстой зэрэг тогтсон хандлагаар өсгөж байна.

Настай хүмүүсээс үхэхээсээ өмнө хүүхдийг чинь харчихаад тайван нүд аних юмсан зэрэг дарамтууд ирсэн.

Энэ амьдралд юу хүсэж байна, юуны төлөө амьдраад байна, юунд хүрэх гэж зорьж байгаад анхаарах байтал нийгэмд бий болсон бусдын ойлголтод нийцүүлж амьдрах гэдэг. Ингээд 27, 28 хүрэхээр нь тал талаас нь шахдаг. Энэ үед “би одоо хүнтэй суух ёстой юм байна, гэр бүлтэй байж бусдад хүлээн зөвшөөрөгдөх юм байна” гэдэг. Энэ маш буруу.

Би 25 настайдаа Японд сургуулиа төгсөөд ирэхдээ өөрийгөө залууд тооцож байв. Гэтэл нийгэм, гэр бүл маань тэгж хүлээж аваагүй. Ээж, аав, эмээ өвөөгөөс эхлээд төрөх нас оройтлоо, хүнтэй суу гэв. Настай хүмүүсээс үхэхээсээ өмнө хүүхдийг чинь харчихаад тайван нүд аних юмсан зэрэг дарамтууд ирсэн. Яг үүн шиг бусдад сайхан харагдах гэж шийдвэр гаргах нь буруу гэдгийг би ойлгосон. Эхлээд өөрөө өөрийгөө ол. Би хэн бэ, би юу хийх гээд байгаа вэ, юу зорьж байгаагаа олсны дараа ажил, гэр бүлтэй, үр хүүхэд болох шийдвэр гаргах нь зөв гэж бодож байна.

-Гэр бүл доторх тэнцвэргүй харилцаа, тогтсон хандлагаар буюу хэвд цутгаж байгаа нь аль аль талдаа хүндрэл бэрхшээлийг авчирдаг гэлээ. Эдгээр нь таны амьдралд ямар байсан бол?
-Эмэгтэй нь илүү боловсролтой байж болно гэсэн хандлага бий. Энэ нөхцөлд

  • гэр бүл доторх уур амьсгал, харилцаа ямар байх вэ,
  • аль аль талдаа хүлээн зөвшөөрч чадах уу гэдэг нь том асуудал,
  • Эрэгтэй хүн илүү карьертай, мундаг, мөнгө олдог байх ёстой гэсэн тогтсон хандлагыг хүлээн зөвшөөрч чадах уу
  • мөн нийгэм яаж харж байгаа нь том асуудал юм.

Би сошиалд идэвхтэй байдаг болохоор хүмүүс нөхөрт маань “таны эхнэр мундаг юм, тэгж жиргэсэн байна лээ” гэх мэт шууд бус дарамтууд ирж байсан байх. Тэр хүнд яаж тусаж байсан бол гэж боддог. Миний эхнэр мундаг, би эхнэрээрээ бахархаж байна гэж хүлээж авч, хүлээн зөвшөөрөөд урам өгч, дэмждэг бол өөр шүү дээ. Гэхдээ дийлэнх эрчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүй.

Эмэгтэй хүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тусам эрэгтэйчүүд “гэртээ миний хараан дор бай, миний эмэгтэй” гэх хандлага гаргадаг. Үгийг нь дагахгүй элдвээр дарамталдаг юм шиг.

-Ажил гэлтгүй, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, нийгмийн тогтсон хандлагад эмэгтэй хүнийг тулгадаг. Эхнэрээ, бусдыг тийм байлгах гэсэн хандлага байдаг гэж ойлголоо. Хүлээн зөвшөөрөгдөхгүйгээс болоод сэтгэл санааны, бие махбодын олон дарамт шахалтад өртдөг. Үүнийг хэрхэн даван туулах ёстой вэ?
-
Гэр бүлийн гишүүд яагаад асуудал үүсэв гэдгийг ярилцаж ойлгох, үл ойлголцол гарах бүрд асуудлаа шийдээд явахгүй бол бие биендээ гомдох, хардах асуудал гарна. Дараа нь нэгнээсэээ уучлал гуйх, бэлэг өгөх бүрд нь уучилчихдаг. Ингэж гол асуудлаа шийдэхгүй явсаар байдаг. Ингэсээр яриад ойлгох биш гээд нуудаг болдог. Асуудал нь томрох тусам ойлголцож чадахгүйд хүрдэг.

Бидний үеийнхэнд бэлгийн боловсролын талаар заадаггүй, эцэг эх ч энэ талаар ярьдаггүй байв. Амьдралд хөл тавихад огт бэлтгэгдээгүй, сайн дурандаа өсөж бойжсон. Гэтэл нийгэм гэнэт өөрчлөгдчихсөн. Гэр бүлийн гишүүд сайн ойлголцдог, ярилцдаг байх хэрэгтэй.

  • Яаж асуудлыг шийдвэрлэх вэ?
  • Яавал бид ойлголцох вэ? гэдгийг шийдэж байж цааш явах ёстой юм байна лээ.

Нэг удаа хардахад нь гомдлоо, дараа нь уучлал гуйхаар нь уучилчихдаг. Сүүлдээ “Яриад ойлгохгүй юм чинь” гэж асуудлаа орхидог болдог. Энэ үл ойлголцлын ангал томорсоор юунд хүргэх вэ? Бүр ойлголцохоо болино. Гэр бүл салалт маш муу зүйл гэсэн ойлголт бий. Би ч тийм байсан. Гэхдээ бид тохирохгүй юм байна гэдгээ эртхэн ойлгоод хоёр тийш болох нь хэн хэндээ амар юм билээ. Энэ нь бие биендээ амьдарлаа цааш таатай үргэлжлүүлэх боломж олгож байгаа хэрэг юм.

Тэвчиж амьдрах гэдэг үг түгээмэл хэрэглэгддэг. Гэтэл тэвчих гэж биш жаргаж амьдрах гэж гэр бүл болдог. Ихэнх хүн тэвч, хатан ухаан гарга гэдэг. Хоёр талаасаа л хичээж, ойлголцож гэр бүлийг тогтоох ёстой. Өөрөөр шийдэх арга байхгүй шүү дээ. Тэгэхээр асуудлыг бага дээр нь ярьдаг байх хэрэгтэй. Миний хувьд асуудлыг шийдэхгүй явсаар байгаад харилцаагаа дуусгасан.

Хүний туйлын зорилго бол аз жаргалтай байх, сэтгэл санааны хувьд тайван байх, хүссэндээ хүрэх.

Шийдвэр гаргах явцад хүн өөрийгөө олдог байж болно. Нийгэмд тааруулж, хүнд сайхан харагдах гэж амьдрах хэрэггүй. Би иог хийгээд 5 жил болж байна. Шийдвэр гаргах үед бусад хүн янз бүрээр хэлдэг ч энэ нь тийм ч их нөлөөлдөггүй. Эцсийн шийдвэрийг гаргахад дотроо хатуу шийдсэн бол юу ч нөлөөлөхгүй.

Үүнийг гаргахын тулд өөрийгөө олдог. Иог надад өөрийгөө олоход тусалсан мэт санагддаг. Иог бол бүрэн өөртөө зориулдаг цаг. Ажил гэр гэж явсаар өөрийгөө сонсоход цаг гардаггүйгээ анзаарсан. Би машиндаа ганцаараа явах дуртай. Дуртай дуугаа тавьчихаад дагаж дуулах эсвэл иог хийх нь нэг ёсны бясалгал юм. Иогийн философи нь өөрийгөө сонсох, аз жаргалтай байх, өөрийгөө хайрлах юм.

-Шийдвэр гаргахын тулд өөрөө рүүгээ өнгийж харах, цаг гаргах, юу өөрт тань хэрэгтэй байна гэдгийг сонсох хэрэгтэй юм байна?
-Оролдлого хийх хэрэгтэй. Асуудлыг бага дээр нь шийдвэрлээд яваагүй нь миний ч буруу. Мэдээж асуудал гарна. Үүнийг ярилцаад бүтэмжтэй болгох оролдлого хангалттай хийх нь чухал. Тэгээд ч болохгүй байгаа бол бүтэхгүй л гэсэн үг. Харин болохгүй байгаа зүйлийг хүчлэх нь буруу. Хүч, энерги, цагийн гарз шүү дээ. Үүний оронд дараагийн шат руу орох хэрэгтэй.

Монгол эмэгтэйчүүд амьдрах чадвартай, үнэхээр мундаг. Гэхдээ өөртөө итгэх нь бага юм шиг. Салчихвал,

  • хүмүүс намайг нөхрөөсөө салсан, өрх толгойлсон эмэгтэй гэнэ,
  • дахиад хүн олдох болов уу?
  • өөрийгөө авч явж чадах болов уу? гэсэн түмэн асуулт толгойд эргэлддэг.

Гэвч нэг хаалга хаагдахад мянган хаалга нээгддэг гэдэг үг бий дээ.

-Салалт хэдийгээр олон асуудлыг хөндөж байгаа ч, магадгүй бидний харж чадаагүй олон боломжуудыг нээдэг гэж ойлголоо?
-
Эмэгтэй хүн эдийн засгийн хувьд ч хараат бус байх хэрэгтэй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Нөхөр нь нас барлаа гэхэд та юу хийж амьдрах вэ. Амьдралынхаа эзэн байх ёстой. Мэдээж сайхан мөрөөдөл тээж, хүнтэй суудаг. Суусны дараа таарч тохирохгүй бол яах вэ. Сайхан машин, байшинтай материаллаг зүйлийн хувьд хангалуун байж болно. Амьдрал материаллаг зүйл аз жаргал авчрахгүй. Хүн дотоод ертөнцдөө аз жаргалтай байж, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд амьдрах нь чухал.

Хүн амьдарлаа эргээд харахад харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй. Би гаргасан шийдвэртээ харамсдаггүй, үнэхээр их хайрладаг. Одоо би яаж амьдрах вэ? гэсэн асуулттай тулахад, огт өөр зорилгоор хөглөгдөөд амьдрал өөрчлөгдөж эхэлдэг.

-Хүн болгоны амьдралын хэмнэл өөр. Магадгүй ажил хийх байтугай гэрээсээ гарах ч боломжгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа олон эмэгтэйчүүд байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-
Гэртээ суусан ч мөнгө олж болдог. Яаж хөрөнгө оруулалт хийх вэ? Яаж өөртөө хуримтлал үүсгэх вэ? Энэ талаар мэдээлэл авах бол над руу хандаарай. Би үүн дээр чадах бүхнээ бусдад зориулахсан гэж хүсэж байна. Хэдий бид аз жаргалтай байна гэж ярьж байгаа ч нийгэм мөнгөн дээр тогтож байгаа. Эдийн засгийн асуудалд шийдэл ярих нь зөв байх гэж бодож байна.

Бусад хүн чамайг ямар байлгахыг хүсэж буйгаар биш амьдралаа өөрөө зохиогоорой.

  • Ямар зорилгод хүрмээр байна вэ? гэж дотогшоогоо өнгийгөөд өөрсдийгөө олж хараасай. Үүнийг олж харчихвал амьдрал яваандаа сайхан болдог. Гэр бүлтэй байх ч гоё, гэр бүлгүй байх ч гоё. Харин бид үүнийг нь шүүмжлэх эрх байхгүй.
  • Хүний туйлын зорилго юу вэ? Нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх биш юм шүү. Хүний туйлын зорилго бол аз жаргалтай байх, сэтгэл санааны хувьд тайван байх, хүссэндээ хүрэх. Харин энэ мөрөөдлөө биелүүлэхэд ямар хүн чамд хань болж байна гэдгийг бодож сонголтоо хийх ёстой юм. Боломж дандаа байдагт итгэ, бүү айгаарай. Тууштай байвал ажилтад хүрдэг. Үүнийг би өөрөөсөө харсан. Өөрийнхөөрөө байх чухал юм.
  • Эмэгтэйчүүд боломжоороо, чаддаг чаддаг зүйлээрээ бие биенийгээ дэмжих хэрэгтэй юм байна. Бие биенийгээ шүүмжилж, буруутгаж, ямар нэг хэвд хайрцаглахгүйгээр, ялгаатай байдлыг нь хүндэтгэх чухал. Ингэвэл бид хүчтэй байж чадна. Энэ хүчийг бий болгохын тулд өдөрт 5–10 минутыг зарцуулж, ямар хүч нуугдаж байна, өөрийгөө нээх цагийг гаргаарай гэдгийг ойлголоо. Баярлалаа.

Уг яриаг сонсохыг хүсвэл дараах линкээр орно уу.

https://www.youtube.com/watch?v=OH5HPN3qyNg