Language:

Урьдчилан сэргийлэх, олон нийтийг уриалах

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ
Энэхүү кампанит ажил нь 2017 оны 1-р сараас эхэлсэн бөгөөд видео контент бүтээж сургуулийн насны хүүхдүүдэд интернэт орчин дахь аюулгүй хэрэглээний талаар сургалт орсон болно. Улаанбаатар хотын 75, 39, 117, 106, 40, 68-р сургуулиудын нийт 4000 орчим сурагчдад мэдээлэл түгээлээ.


ХҮЧИРХЭГ ОХИД - ХҮЧИРХЭГ УЛС
2017 оны үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх зорилготой ухаалаг утасны аппликэйшн бүтээн хөгжүүлж байна. ХҮЧИРХЭГ ОХИД - ХҮЧИРХЭГ УЛС аппликэйшн нь 3-18 насны хүүхэд, эмэгтэйчүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан бүхий л төрлийн бэлгийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, танин мэдэх, өөрийгөө хамгаалах тухай агуулгыг цөм багтааснаараа Монголдоо анхдагч юм. Үүнийг ФРИДА Феминист Сангаас санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээлээ.


16 ХОНОГИЙН АЯН
Бид 2013 оноос хойш эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах ажлууд зохион байгууллаа. Үүнд:
  • Ураг төрлийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх тараах материалуудыг бүтээж Улаанбаатар - Эрээн чиглэлийн галт тэргээр зорчиж буй 20 мянга гаруй зорчигчдод тараасан байна.
  • Улаанбаатар хотын төв гудамжин дахь зарлалын самбар, Улаанбаатар хотын Олон улсын төмөр замын буудал дээрх томоохон мэдээллийн самбар дээр зарлалуудыг байршуулсан.
  • Дэлхийн эргэн тойронд суугаа 70 эрэгтэй бусдыгаа уриалан дуудсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалгатайпостер зурагнуудыг бүтээн “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ-ын цахим хуудсанд байршуулсан байна.
  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэх 18 сургууль дээр сургалт зохион байгуулж 500 гаруй сурагчдыг хамруулсан.


ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙН ӨДӨР
Бид жил бүр Олон улсын охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол охидын амьдрах орчныг сайжруулах, хүчирхийллийн эсрэг тайван аюулгүй орчныг бүтээх гэх мэт санал санаачлагыг Засгийн газарт дэвшүүлээд байна.

2013
Бид “Гүнж” төв-тэй хамтран “Бид хүүхэлдэй биш” дуучидтай хамтран бүтээн олон нийтийн цахим сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүргэсэн.

2014
Бидний бүтээсэн “Бид хүүхэлдэй биш” дууны 1 жилийн ойн хүрээнд илүү олон хүнд түгээхээр залуу охид, эмэгтэйчүүдийн дунд “Бид хүүхэлдэй биш” ковер дууны уралдааныг зарласан бөгөөд 30 гаруй уран бүтээлч өрсөлдөж цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн болно.

“Охид хүчирхийллийн бай биш” кампанит ажлыг Гүнж төвтэй хамтран зохион байгуулж “Охидын эсрэг бэлгийн хүчирхийллийн үр нөлөө” сэдэвт мэдээллийг хүргэж 42 сургуулийн 5000 охидтой хамтран флаш мобыг зохион байгуулсан.


2015
“Тогтвортой хөгжлийн зорилтууд ба охидын алсын хараа” төслийг Монголын эмэгтэйчүүдийн сан, “Гүнж” төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. Кампанит ажил нь Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Монголын засгийн газар охидын эрх, жендерийн тэгш байдлыг дэмжих ажлыг олон нийтэд сурталчлах хүрээнд явагдсан.



ХҮҮХЭД ТӨСӨЛ
“Хүүхэд” төсөл нь 2014 онд хийгдэж байсан туршилтын төсөл юм. Энэхүү төслийн гол зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд аюултай болон аюулгүй хүрэлтийн талаарх ойлголтыг өгөхөд оршиж байв. Энэхүү төсөл нь бодлогын хүрээнд цэцэрлэгийн багш нарын сургалтын арга барилыг хөгжүүлэхэд чиглэсэн болно. Бид туршилтынхаа хүрээнд хотын захын хоёр цэцэрлэгийн 60 багш сурган хүмүүжүүлэгчдийг хамруулсан.

2016-2017: ТАВДУГААР САР БОЛ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САР
2016 оноос эхлэн жил бүрийн ТАВДУГААР САР-ыг Монгол Улсад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар болгон манай байгууллагын зүгээс зарлан олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл нийтлэдэг. Үүнээс гадна бид Монгол улс даяар мэргэжилтнүүдийн /цагдаа, эмч, нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид/ дунд хэлэлцүүлэг өрнүүлж уг ажлыг нийт 30 мянга гаруй хүнд хүргээд байна.


ГИНЖИЙГ ТАСЛА

2017 оны 9-р сараас 2018 оны 3-р сар хүртэл бид Гинжийг тасла кампанит ажлыг улс даяар өрнүүлээд байгаа бөгөөд энэхүү кампанит ажлынхаа хүрээнд:
-Подкаст
- Стэнд Ап комеди
-Телевизийн ярилцлага нэвтрүүлэг
-Урлагын уралдаан, үзэсгэлэн
-Комик ном зэрэг ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Бид энэ кампанит ажлаа үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилготой юм. Подкаст нь бүхий л төрлийн бүлэг, олон нийтийн дундах хүчирхийлэл, эмэгтэйчүүл, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТ, ахмад настан иргэд гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн даван туулж байгааг ярилсанаас гадна эрчүүд, хөвгүүдийн оролцоог хөндөн ярилцлаа. Телевизийн ярилцлага нэвтрүүлэг нь эрүүл харилцаа болон аав ээжүүдэд өгөх зөвлөгөөний талаар өрнөсөн бол УБ стэндап комеди нь эцгийн эрхт ёсны гинжийг таслах зорилготой явагдсан юм. 2018 оны 2-р сард болох дүрслэх урлагийн уралдаан нь ураг төрлийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх асуудлыг хөндөн ирсэн бүтээлүүдийг үзэсгэлэн болон гаргана. Комик ном нь хөдөө орон нутагт оршин суугаа хүмүүсийн гар дээр хүрэх болно.


БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ:
2017 оны 11-12-р сарын хооронд бид цахим аюулгүй байдлын талаарх сургалтыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн коллежийн 1000 оюутанд зохион байгуулах бөгөөд бэлгийн хүчирхийллийн талаарх хэлэлцүүлгийг 6 их дээд сургуулийн 3000 оюутнуудын дунд өрнүүлэхээр төлөвлөж байна.