Language:

"Миний Зүрх - Миний Эрх" туршилтын хөтөлбөр хэрэгжлээ

Хүүхэд өөрт төрсөн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танин мэдэж, илэрхийлэхдээ хүчирхийллийн аргаар бус эрүүл, аюулгүй аргаар илэрхийлж суралцвал ирээдүйд жендэрийн тэгш эрхийг дээдэлсэн эерэг хандлагатай байхаас гадна жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Иймд жендэрийн тэгш эрхийг бага наснаас танин мэдэх тухай “Миний Зүрх - Миний Эрх” хөтөлбөрийн хүрээнд цуврал зурагт номыг сургуулийн өмнөх 4-5 настай хүүхдүүдэд зориулан гаргасан бөгөөд сэтгэл хөдлөл, мэдрэмж нь тэдний бие махбодь, зүрх сэтгэлд хэрхэн илэрдгийг таньж, эрүүл аюулгүй аргаар илэрхийлж суралцахад дөхөм болно. Мөн энэхүү ном нь бүх насныханд тохиромжтой бөгөөд багш, эцэг эх болон асран хамгаалагчид хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг таньж, хэрхэн ойлгож, мэдэрч харилцахад туслах юм. Хөтөлбөр маань Монгол улсад анх удаа хэрэгжиж буй бөгөөд Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс болон Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 63-р цэцэрлэг хамтран ажиллаа. Бид 4-5 насны 120 хүүхдүүдэд энэхүү цуврал номоороо дамжуулан сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таниулах бол цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш нар төдийгүй эцэг эхчүүдийг хамруулж ойлголт, мэдлэгийг нэгтгэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж дэмжлэг үзүүлсэн Канад Сангийн Орон Нутгийн Санаачлага Хөтөлбөрт гүн талархал илэрхийлье.