Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

Бэлгийн хүчирхийллийн соёлыг тайлбарлах нь

9 сарын 10, 2021

Бэлгийн хүчирхийллийн соёл буюу rape culture гэх ойлголтыг Монгол хэлээр тайлбарлахаас өмнө “соёл” гэдэг ухагдахууны тайлбарыг харъя. Монгол эрдэмтдийн тайлбарласнаар соёл нь “Нийгэм болон хүмүүсийн дунд нийгмийн зан үйл, ёс заншил болсон мэт үзэгдэл, нийгмийн аливаа бүлгийн сэтгэн бодох хэв маяг” гэсэн бол бусад улс орны толь бичигт “Тухайн цаг үед амьдарч буй тодорхой бүлэг хүмүүсийн амьдралын хэв маяг, тэр дундаа нийтлэг зан заншил, итгэл үнэмшилтэй холбоотой ухагдахуун юм (Cambridge Dictionary, n.d.)” гэж тайлбарлажээ. Соёл гэдэгт нийгмийн бүхий л харилцаа, тэдгээрийг зохицуулах бүх арга, хэрэгсэл орно. Ингэж авч үзвэл соёл нь хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ, арга барил, нийгмээр дэмжиж байгаа сэтгэхүй, зан үйлийг дэлгэрүүлэх, дэмжих замаар зохицуулах болон хэм хэмжээний үүрэг гүйцэтгэнэ” (Эрдэнэбат, 2019). Мөн соёлын тухай сурах бичигт дурдахдаа соёл бол үе хооронд дамжуулагдаж буй үзэл санаа, үнэт зүйл, бэлгэдэл, зан заншил хийгээд хэм хэмжээ гэжээ (Дорждагва, 2010, p. 64). Дээрх тодорхойлолтууд нь нийгмийн ухааны өргөн хүрээний судалгаанууд дээр үндэслэн соёл гэдэг ойлголтыг тодорхойлж байна.

Иймд соёл нь эерэг, сөрөг, холбиромтгой, олон янз байгааг бид дээрх тодорхойлолтуудаас харж болно.

Эерэг гэдэгт тухайн нийгмийн ололт, амжилт нь үнэт зүйл, итгэл үнэмшил, нийгмийн хэм хэмжээнээс хамаарсан байхад сөрөг гэдэгт тухайн нийгэмд оршин буй тогтсон хандлага, хэм хэмжээ, мөн үзэл санаа нь хүмүүс хоорондын харилцаа болон амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлөхийг хэлж болно.

Манай нийгмийн хувьд соёл гэх ухагдахууныг зөвхөн эерэгээр хүлээн авч сөргөөр оршин буй соёлыг няцаах, үл ойшоох, хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь илт байгааг бид өдөр тутамдаа харж байгаа билээ.

Соёлыг ойлгохдоо зөвхөн нэг талыг баримтлан оршин буй хор уршгийг үл ойшоон хэрэглэхээс татгалзаж байгаа нь хэт явцуу бөгөөд тэдгээр соёлын сөрөг арга, хэлбэрүүд, зан заншлын байр суурийг улам бэхжүүлж байна.

Тиймээс, соёлын өргөн хүрээний нэг хэлбэр нь жендэрт суурилсан хүчирхийллийг өөгшүүлж буй БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН СОЁЛ юм. Өмнө тайлбарласанчлан соёл хэрвээ хүн хоорондын зан үйл, зан заншил юм бол бэлгийн хүчирхийлэл нь нийгэмд тодорхой сууриа эзэлсэн соёлын арга бөгөөд энэ нь хэв маяг, зан үйлээр илэрч байгаа юм.

“Бэлгийн хүчирхийллийн соёл” -ыг бид “соёл” гэдэг утгаар эерэгээр хүлээн авч байгаа хэрэг бус харин ч манай нийгэмд хэтэрхий нэвчиж үр дагаврыг нь ч тоохоо больсон, хохирогчдын амь нас, халдашгүй дархан байдлыг үл тоомсорлож, дэнчин тавьж буй илэрхийлэл юм.

Бэлгийн хүчирхийллийн соёл гэх ухагдахуун нь 1970-аад оны үед феминистүүд гаргаж ирсэн. (WAVAW Rape Crisis Center, 2013)., Бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчдыг нийгмийн зүгээс өдөр тутамдаа буруутгаж буйг бид нийгмийн дунд байж болох зүйл мэт хүлээн авч байгаа нь уг соёл 21-р зууны нийгэмд батжин бэхжиж, амьдралын хэв маягт хэвийн мэт оршиж байгааг харуулж байна. (WAVAW Rape Crisis Center, 2013).

Хүчирхийллийн соёл гэдэг нь хэвлэл мэдээллээр дамжуулан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өөгшүүлсэн, хэвийн хэмээн хүлээж авахуйц илэрхийллийг нэмэгдүүлж буй зан заншил, зан үйл, хэм хэмжээ бүхий орчныг бүхэлд нь хэлнэ. Энэ нь хүчирхийлэл, бэлгийн дарамт зонхилж буй орчин бөгөөд жендэрт суурилсан бэлгийн хүчирхийллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн зан үйлээр зөвтгөдөг соёл бүхий орчин юм. Хүчирхийллийн соёл нь эмэгтэйчүүдийг буруушаасан, доромжилсон, дорд үзсэн, үл тоомсорлосон үг хэллэгийг хэвийн болгон хэрэглэх, эмэгтэйчүүдийн биеийг “объект” болгон харуулах, бэлгийн хүчирхийллийг өөгшүүлэх замаар бататгах, улмаар эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдлыг үл тоомсорлодог нийгмийг бий болгодог аюултай. Хүчирхийлэлтэй нийгэм нь эмэгтэйчүүдэд, цаашлаад хүн бүрд сөрөг үр дагавар үзүүлэх аюултай.

Нийгэмд хүчирхийлэл оршин буй учраас ихэнх охид, эмэгтэйчүүд өөрийн үйлдэл, биеэ авч яваа байдлаа хянаж байх ёстой хэмээн ташаа ойлгож, хүчирхийллийн хохирогч болохгүйн тулд өөрийгөө илэрхийлэх байдалдаа хязгаар тавьж эхэлдэг. Энэ байдлаас улбаалан ихэнх охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх вий гэсэн айдас дунд амьдарч, хүчирхийллийн соёл улам илүү бэхэжсээр байна. Бид охид, эмэгтэйчүүдийг хамгаалах ёстой гэх нэрийн дор хүчирхийлэл бол байх ёстой зүйл хэмээн мөн хүчирхийллийн соёлыг бэхжүүлж байдаг. Гэтэл эрэгтэйчүүдэд энэ нь эсрэгээр байдаг. Бүх эрэгтэйчүүд хүчин үйлддэггүй, бүх эмэгтэйчүүд хүчингийн гэмт хэргийн хохирогч болдоггүй хэдий ч эмэгтэй учраас эрэгтэйчүүдэд захирагдах, тэдний эрхшээлд байх хэрэгсэл болж ойлгогдсоор байгаа нь олон судалгаануудаар батлагдсан. Энэхүү айдас нь хүчирхийлэл болоод хүчингийн гэмт хэргийн орчинг үргэлжлүүлэх тойргийг үүсгэж байдаг. Угтаа бид хүчирхийллийн соёлын суурь шалтгааныг халж байж хүчирхийлэл үгүй, хүнлэг, аюулгүй, энэрэнгүй нийгмийг бий болгож чадна.

Хүчирхийллийн соёл нь эрчүүдийн бэлгийн түрэмгийллийг нийгмээс өөгшүүлж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг дэмжиж буй цогц итгэл үнэмшил юм. Угтаа бол эрэгтэйчүүд эхээс төрөхдөө хүчирхийлэгч болдоггүй, эмэгтэйчүүд хохирогч болж төрдөггүй. Харин хүн нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгмийн бий болгосон соёлын үр дүнд энэ байдал бий болдог. Хүчирхийллийн соёлд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь бэлгийн хүчирхийллийг амьдралын бодит үнэн, байх ёстой, оршиж байдаг зүйл гэж ойлгодог. . .

Гэсэн хэдий ч . . . Бидний зайлшгүй гэж хүлээн зөвшөөрдөг ихэнх зүйлc үнэндээ өөрчлөгдөж болох үнэт зүйлс, хандлагын илэрхийлэл юм.

(WAVAW Rape Crisis Center, 2013).

Хүчирхийллийн соёл нийгэмд оршдог жишээнүүд:

- Хохирогч/даван туулагчийг буруутгах (Тэр өөрөө л задгай хувцасласан, согтууруулах ундаа хэтрүүлээд хэрэглэчихсэн байсан….)

- Бэлгийн дарамт, халдлага, хүчирхийллийг үл тоомсорлох (Эрэгтэйчүүд угаасаа л ийм байдаг. Эрэгтэй хүн яаж хүслээ тэвчихэв дээ.)

- Бэлгийн сэдэлтэй хошигнол

- Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчих

- Хохирогчийн хувцаслалт, сэтгэл зүйн байдал, өнгөрсөн түүхийг олон нийтийн өмнө шалгаах

- Медиагаар хүчирхийллийг хэвийн мэт харуулах

- “Эр хүн”-ийг давамгай хүчтэй, түрэмгий байх нь хэвийн гэж үзэх

- “Эмэгтэйчүүд”-ийг хүлцэнгүй, бэлгийн идэвхгүй гэж тодорхойлох

- Эрчүүдийг хүчирхийлэл үйлдэхгүй байхыг заахын оронд эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч/даван туулагч болохоос өөрийгөө хамгаалах тухай заах гэх мэт багтана.

Хүчирхийллийн соёл нь эмэгтэйчүүдийн дуу хоолой, туулсан замыг үгүйсгэж, эрчүүдийн гаргаж буй хүчирхийлэлтэй холбоотой түрэмгий үйлдлүүдийг зөвтгөж, ерөнхийдөө эмэгтэйчүүд хэтэрхий дэвэргэж хариу үйлдэл үзүүлж байна, эсвэл энэ үйлдэлд нийцэх ёстой гэсэн мессэжийг өгдөг нь тухайн эмэгтэйн бодит байдлыг үгүйсгэж, хэрэгтнийг хамгаалж, бусдын хийсэн ямар нэг буруу зүйлийн төлөө түүнийг шүүж, шууд буруутгаж буй тухай юм. Эмэгтэйчүүд буруутай этгээдэд хариуцлага үүрүүлэх, шударга ёсыг тогтоох, өөрийгөө хамгаалахын тулд нийгмээс ирж буй доромжлолыг тэсэж, гарч байж үр дүнд хүрдэг. Иймээс ихэнх эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдээлдэггүй, шүүхийн өмнө ганцаараа очдог нь гайхах зүйл биш юм. (Canadian Women’s Foundation, 2016).

Эцэст нь “Бэлгийн хүчирхийллийн соёл” гэх ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй, “соёл” нь зөвхөн эерэг үр дагавартай хэмээн ойлгох нь хүчирхийллийг хэвийн үйлдэл мэт үл ойшоон, хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм. Учир нь үүний суурь шалтгаан болох нийгмийн хэм хэмжээ, хүмүүс хоорондын харилцааны хэв маяг болтлоо тогтсон хүчирхийллийн хэлбэрүүдийг өөгшүүлж, хүчирхийллийн гинжийг улам бат бөх болгож, нийгэмд буй хүчирхийллийг таслан зогсоож чадахгүйд хүргэж байна.

Нийтлэл бичсэн: Сэтгэл зүйч А.Хонгорзул, Х.Эгшиглэн

Эх сурвалжууд:

Cambridge Dictionary. (n.d.). culture. Retrieved November 16, 2021, from https://dictionary.cambridge.org/dictionary/english/culture

Canadian Women’s Foundation. (2016). What is “Rape Culture” Anyway? Retrieved November 16, 2021, from https://canadianwomen.org/blog/what-is-rape-culture-anyway/

WAVAW Rape Crisis Center. (2013). What is rape culture? Retrieved November 16, 2021, from https://www.wavaw.ca/what-is-rape-culture/

Дорждагва, Т. (2010). Соёл судлал. Улаанбаатар: Монгол Улсын Их Сургууль.

Эрдэнэбат, Д. (2019). Соёл: түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг. Retrieved November 15, 2021, from https://www.trends.mn/n/9013?fbclid=IwAR3BO2X4_TAirBLCdNuS4YQ8h4fdNtboxp1d1MzgqdVuFQK6M-QonkhPA30