Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

Хүчирхийллийн даван туулагчдад итгэж байна

9 сарын 10, 2021

8 дугаар ангидаа дугуй унаж сурч байхад эргэлт хийх хамгийн хэцүү нь байж билээ. Зай хурдаа тооцоолоогүй, дөнгөж тогтож сураад хөөрч яваа охины огцом эргэлт тохой дээр нь 3 оёдол тавихад хүргэнэ гэж хэн мэдэх билээ. Гэнэт л уначихcан. Одоо сорвио харах бүрд дугуй унаж сурах гэж байхдаа унаж билээ гэдэг түүхийг төвөггүй санадаг юм.

Ямар нэг сорви таны биеийн аль нэг хэсэгт байдаг уу? Шарх, сорви бидэнд гэнэтийн байдлаар тохиолддог шүү дээ. Одоо хүрэхэд өвдөхгүй ч харахад яагаад бий болсон үүслийг сануулж чадах тийм сорви.

Харин сорви сэтгэлд үүсвэл яах бол? Яагаад үүссэнг үүрд сануулж чадах том сорви.

Source: UN Women

Монгол Улсад ураг төрлийн хүрээнд үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэл нийт хүчирхийллийн бүртгэгдсэн тохиолдлын 70–80 хувийг эзэлдэг. Үүнээс 50 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байдаг. Бүх насаараа тээж явах сэтгэлийн шарх, сорви.

Бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүчирхийллийг тухайн цаг мөчүүдэд бие махбод, сэтгэл санаагаараа даван туулаад зогсохгүй бүх насаараа нүүр тулах сэтгэцийн гэмтэлд өртөх магадлал өндөр. Тиймээс тэд бол хохирогч бус даван туулагчид юм.

Сэтгэцийн гэмтэл оюун санаанд л орших бус гэр бүл, соёл иргэншилд ч үл мэдэгдэх байдлаар дамжин сорвижин ул мөрөө үлдээдэг.

Энэ ул мөр даван туулагчийн оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбод, дархлааны систем болон харилцаанд ч үлддэг. Энэ нь зөвхөн өнгөрсөнд тохиолдсон явдал биш харин оюун санаа, зүрх сэтгэл, бие махбодод амьдрах амьд ул мөр. Улмаар энд одоо цагт хэрхэн даван туулж амьдрахад, өөрийгөө хэрхэн мэдрэхэд, хэрхэн харилцах зэрэг талбар бүрд нөлөөлдөг.

Сэтгэцийн гэмтэл зөвхөн шууд өртөж байгаа хэн нэгнээр зогсохгүй тэдний гэр бүл ойр дотнын хүмүүс, эргэн тойрон буй хүмүүсийн сэтгэлзүйд ч давхар нөлөөлдөг. Хэдий даван туулагчид хэвийн мэт амьдралаар үргэлжлүүлэн амьдрахаар хичээж байгаа ч дотоод дурсамжаа хадгалж, тээж явахын тулд маш их хүчийг зарцуулдаг. Магадгүй хичээл зүтгэлийг гаднаас нь харсан хүмүүс “мартсан, өнгөрсөн”, “ бүү бод, өчнөөн хугацаа өнгөрчхөөд байхад” зэргээр үзэл бодлоо тулгаж, даван туулж буй хүчирхийллийг өөрийн мэдэлгүй үл ойшоож буруутгах хандлага гаргах нь ч бий.

 

 

 

Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн даван туулагч/хохирогчийн өдөр бүр бусдаас сонсдог үгс

Даван туулагчид хохирогч болон үлдэх итгэл үнэмшлийг олон нийтийн ойлголт мэдлэгийн хангалтгүй байдал, хохирогчийг буруутгах хандлага, хатуу шүүмжлэлүүд бататгадаг. Үүнд зарим мэргэжилтнүүд мөн багтана. Олон нийт, хувь хүмүүс даван туулагчдын өнгөрсөнд илүү анхаардаг. Угтаа одоо яаж даван туулж байна, ирээдүйд цаашдаа ямар хариу үйлдэл гарах вэ, хэрхэн амьдрах вэ, хэрхэн даван туулах вэ гэдэгт илүү дэмжлэг үзүүлэн анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Тиймээс даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд нийгмийн дэмжлэг хамгийн чухал. Учир нь өөрийн итгэл үнэмшлээр хувь болон мэргэжлийн харилцааны алдаа гаргах нь маш хор хохиролтой. Даван туулагч сэтгэцийн гэмтлээс шалтгаалан тодорхойгүй олон сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг нь зарим тохиолдолд нөхцөлдөө тохироогүй зан авир гаргахад хүргэж болзошгүй. Энэ нь магадгүй хохирлоо барагдуулах, хамгаалалтад авах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх гэсэн мэргэжлийн хүмүүсийн бухимдлыг төрүүлж, хайнга, түрэмгий хандахад өдөөж болох юм. Мэргэжлийн бус хандлага нь дахин хохирогч болон үлдэх эрсдэл үүсгэдэг.

Тиймээс даван туулагчдад хохирол учруулахгүйгээр хамгаалдаг тогтолцоог бий болгохын тулд мэргэжилтнүүд байнгын мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэн хор хохирол учруулахаас ямагт зайлсхийж мэргэжлийн ёс зүйг чандлан баримталж даван туулагчийг хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллах нь зүйтэй.

Харин олон нийт хохирогчийг буруутгахгүй, нийгмийн хэвшмэл ойлголтыг халах хандлагыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэх нь юунаас ч илүү чухал гэдгийг бид бүгд мэднэ.

Харин хэрхэн сэргийлэх вэ? Хамгийн энгийнээс эхлэвэл гэр бүл, асран хамгаалагчид өөрийн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, хүүхдүүддээ чанартай цаг гаргах, тэднийг шүүмжлэхгүйгээр сонсож, танд өөрийн зүрх сэтгэлээ нээн ярилцах тэр итгэлийн хаалгыг нээлттэй үлдээж чадвал хамтдаа бид хүчирхийллээс сэргийлж улмаар зогсоож чадна.

Энэхүү нийтлэлийг “Хөөрхөн Зүрх” ТББ-аас зохион байгуулж буй “Нэг Тэрбумаараа Тэмцье” олон улсын хөдөлгөөний хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч даван туулагчдыг буруутгахгүй байх хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиж байна. Таны ойлголт, таны хандлага хохирогч/даван туулагчдад ээлтэй, тэднийг буруутгахгүй нийгмийг бүтээхэд чухал юм шүү.

https://www.facebook.com/obrmongolia

Нийтлэл бичсэн: П.Энхчимэг, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Сэтгэл зүйч