Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

Хаалттай хаалганы цаана: КОВИД-19 ба гэр бүлийн хүчирхийлэл

12 сарын 23, 2021

Дэлхий даяар хөл хорьж, коронавирусын тархцыг бууруулах гэж тэмцэж буй энэ цаг үе тодорхой бүлгийнхэнд хамгийн хүндээр тусч байна. Зарим иргэд хүнсээ нөөцлөн худалдан авч чадахгүй, зарим нь ажилгүй болж, өрхийн орлого зогсож гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ), бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэх боллоо. Ийм гамшгийн үед ба дараа ГБХ ихсэх магадлал өндөр. Учир нь, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд хүчирхийлэгчтэй хамт түгжигдэн, өдөр хоног тоолон өнгөрүүлсээр... Хэзээ ч хамаагүй шоглуулах, элдэв хараалын үгээр хашхичуулж, доромжлуулах, үйлдэл бүрээ хянуулах, зодуулах, үстүүлэх, чирүүлэх гэх мэт дарамт, түгшүүрт хаашаа ч гарахгүй, өдөржин хүчирхийлэгчтэй хамт тусгаарлалтыг даван туулахаас өөр аргагүй.

Гэрээсээ холдох боломжгүй хүүхдэд хамгийн тайван орчин сургууль л байсан. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хэрэгцээтэй нийгмийн үйлчилгээ болон найз нөхөд, гэр бүл гэх мэт хүмүүсээсээ дэмжлэг хүсэж чадахгүй хүчирхийлэгчийн ая тавыг харан, хором мөч бүрийг тэсэж тэвчин амьдархаас өөр сонголтгүй байна.

Надад туслаач

Ийнхүү, хөл хорио тогтоосон үед ГБХ-ийн талаар анхаарах дөрвөн зүйлийг сийрүүллээ. Үүнд,

ГБХ-ийн дуудлага буурсан нь хүчирхийлэл буурсан гэсэн үг огт биш:

Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.БатжаргалН.Бат-Эрдэнэ нар ярилцлагадаа “…оны эхний 2 сард ГБХ буурсан байгаа ч энэ нь бодитойгоор буурсан гэсэн үг биш” гэсэн нь үндэслэлтэй юм. Эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн хажууд утсаар ярих боломжгүй, эсвэл залгах нэгжгүй гэх мэт аюулт нөхцөлд амиа аргацаан арай гэж байгаа. Энэ мэт эдийн засгийн болон бусад хүчин зүйлс нөлөөлж, ГБХ улам л далд хэлбэртэй болж хүүхэд, эмэгтэйчүүдийн байдал улам хурцадмал нөхцөл рүү орж байна. Иймд, цагдаад ирэх ГБХ-ийн дуудлага буурсан нь хүчирхийлэл буурсан гэсэн үг ОГТ биш юм.

Гэтэл, сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдон гарсан ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр-ийн ярилцлага болон EAGLE сайт Титэм вирусийн олз нийтлэлд ГБХ буурсан тухай ташаа дүгнэлт дурдагдсан байгаа нь харамсалтай.

Олон улсын нөхцөл байдал/хандлага:

Монгол улсаас гадна, бусад улс оронд ГБХ ямар байгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Францад ГБХ-ийн дуудлага хөл хорьсноос хойш 2 долоо хоногт (3 сарын 11-аас хойш) 30%-аар нэмэгдсэн байна. АНУ, Англи гэх зэрэг улсад ч адил хэмжээгээр нэмэгдсэн байна. Хятад болон бусад улс оронд гэр бүлийн салалт нэмэгдсэн, нэмэгдэх хандлагатай байгаар дурдсан байна. Энэ нь хүчирхийлэгчтэй байнга хамт байх нь хэцүү байснаас шалтгаалсан байж болох талтай. Мөн 2020 оноос өмнө хийгдсэн олон улсын судалгаануудад, хөл хорионы үед гэртээ байнга хамт байх үед хүчирхийллийн хэмжээ, давтамж улам хурцадна уу гэхээс буурахгүй талаар баримтуудад дурдагдсан байна. Харин 2020 оноос хойш КОВИД19 ба ГБХ-ийн талаар судалгаанууд олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хараахан нийтлэгдэж амжаагүй байна.

Хөл хорионы үед ГБХ-г бууруулах, урьдчилан сэргийлэх арга:

Одоогийн онцгой нөхцөлд ГБХ-г бууруулах, урьдчилан сэргийлэх нэг арга бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлэлд дурдсанаар, архи зарах тодорхой цаг тогтоох, багасгах, эсвэл үнэд нөлөөлөх юм гэжээ. Архи бол хүчирхийлэлд үзүүлж буй хүчин зүйл бөгөөд, архидалт ихэссэнээр ГБХ-ийн тоо давтамж ихсэх магадлал өндөр юм. Тиймээс, хохирогч, даван туулагчийн хамгаалах нэг арга нь архины хэрэглээг багасгах, зохицуулах болж байна.

Эцэст нь, та хэрэв гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаа бол итгэдэг хүндээ хандаж Тусламж Хүсээрэй. Мөн дараах аюулгүйн зөвлөмж танд тус болно. Харин та хэн нэгнийг мэддэг бол ЗААВАЛ ТУСАЛ.

Аюулгүйн төлөвлөгөө:

1. ГБХ-ийн дуудлага хүлээн авах утаснуудыг тэмдэглэж аваарай. Цагдаагийн 102, ГБХ-ийн 107, хүүхдийн утас 108, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөөний 96495050 дугааруудад хандаарай.

2. Асуудал хүндрэхэд холбоо барьж болохуйц ойрын 2 хүнийг тодорхойлж хоорондоо ойлголцох нууц үгтэй болоорой. Тухайн хүнтэй нууц үгээр бичихээ хоорондоо тохиролцоорой.

3. Өөртөө зориулсан аюулгүйн төлөвлөгөө гаргаарай.

4. Хэрэв боломжтой бол, зугтаах төлөвлөгөө ойрын итгэлт хүнтэйгээ хамт гаргаарай.

5. Хүүхдүүдтэйгээ хамт аюулгүй төлөвлөгөө гаргаарай. Хүүхдүүдтэйгээ ямар үг, кодоор харилцахаа тогтоогоорой. Биеийн хэлэмж ч байж болно. Жишээ нь, хөлөө ачих гараа хумих гэх мэт. Мөн, том хүүхдүүдэд дуудлагын утаснууд зааж өг: 102, 107, 108 гэх мэт.

6. Хүчирхийлэгчээс сэтгэлзүйн, бие махбодын хувьд аль болох хол бай. Ойр байх тусам жижигхэн асуудал бүрийг дөвийлгөж, шалтаглаж хэрүүл болох магадлал өндөр. Жижиг хязгаарлагдмал орон зайд амьдардаг бол өөрийгөө тайвшируулахуйц газрыг төсөөлөн бодоорой (12-р зөвлөмжийг харна уу).

7. Оршин суугаа газар, гэртээ хамгийн аюулгүй байх газраа тодорхойлоорой. Хашааны аль нэг булан, жорлон гэх мэт. Мэдээж хүчирхийлэгчтэй хамтдаа түгжигдэх маш хэцүү байгаа шүү дээ.

8. Хоол хүнс, анхан шатны эмийн нөөцөө базаагаарай. Хангалттай бий юу? Байхгүй бол хаанаас хоол хүнс нөөцөлж болохыг бодоорой.

9. Яаралтай үед шууд авч гарахад бэлэн цүнх бэлд, дотор нь ойр зуурын хувцас, эм, бичиг баримтаа хий.

10. Чухал бичиг баримтын хуулбар эсвэл эх хувийг дээрх цүнхэнд хий, эсвэл гар дор байлгаарай. Зургийг нь аваад дотнын хүндээ явуулах гэх мэт арга хэмжээ ав.

11. Хөл хорионы үеэр бусадтай холбоотой байгаарай. Найзууд, хамаатнууд гэрийнхэнтэйгээ утсаар, онлайнаар холбоотой бариарай. Эсвэл сошиал орчинд танд хэрэг болохуйц бүлэг, байгууллагатай холбоотой байгаарай. Хүчирхийллийн Үндэсний Төв гэх мэт.

12. Гэртээ өөртөө зориулж тайван байх орон зайг бий болго, орон зай байх боломжгүй бол тайван байх орон зайг төсөөлөх эсвэл хүүхдүүдтэйгээ хамт зурж харагдахуйц газар тавиарай. Сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй үедээ тайван байх тэр газраа төсөөлж эсвэл хараарай.

13. Өөртөө цаг гаргахыг хичээгээрэй.

Та ганцаараа биш шүү.

Нийтлэл бичсэн: А.Хонгорзул /Хөөрхөн Зүрх ТББ-ын Тэргүүн, Сэтгэл зүйч/

Эх сурвалж:

California partnership to end Domestic Violence:

· https://sanctuaryforfamilies.org/wp-content/uploads/2020/03/Safety-Plan-Flyer.pdf

· https://www.cpedv.org/post/information-about-coronavirus-covid-19-and-prevention#

National Domestic Violence Hotline: http://tiny.cc/c7t5lz

Women’s Aid: https://www.womensaid.org.uk/covid-19-coronavirus-safety-advice-for-survivors/