Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

“Өөрөөсөө болсон юм биш үү” гэх өөдгүй бодол ТАНД төрж байв уу

9 сарын 23, 2021

“Өөрөөсөө л болсон юм биш үү?” — миний хувьд их танил үг. Гадаа тоглож байгаад хүүхдүүдтэй муудалцаад гэртээ уйлж орж ирэхдээ ч, зүгээр байж байгаад огт танихгүй хүнд загнуулснаа хэлэхэд ч ийм хариу угтдаг байлаа. Хүүхэд байсан болохоор тэгсгээд мартчихна. Удалгүй шилжилтийн нас эхэлж, жаахан том боллоо. Хүмүүжүүлэх арга барилаар хэрэглэгддэг байсан “Өөрөөсөө болсон юм биш үү?” гэдэг үг одоо миний эсрэг зэвсэг болж эхлэв. Хажуугаар зөрсөн хөвгүүд миний дөнгөж ургаж эхэлж байгаа хөндүүр эмзэг хөхийг базахад, өгзгийг алгадахад “Өөрөөсөө болсон юм биш үү? Юу өмсөж байсан юм бэ?” гэж асуудаг болов. Ямар нэг байдлаар өөрөөсөө, өмссөн зүүснээрээ, үйл хөдлөлөөрөө, эсвэл зүгээр л эмэгтэй хүүхэд болж төрснөөрөө би буруутайд тооцогдох болов. Залуу хөөрхөн байгаагийнхаа горыг ч харамгүй амсдаг боллоо. Үеийн хөвгүүд шоглоно, охид ад үзнэ, эрчүүд шүлэнгэтэж айлгана, эгч нар харин аальгүй амьтан гэж ширэв татна.

14 настайдаа би 3, 4-р хорооллын нэг эцсээс нөгөө эцэст очиж тооны хичээлийн давтлага авдаг байсан юм. Тавдугаар сарын дулаахан өдөр энгийн хар цамц, жинсэн өмдтэй би эрвээхий Nokia загварын утсандаа чихэвчээ холбочхоод HI-FI 105 радиогоор хөгжмийн хөтөлбөр сонсоод давтлагадаа явлаа. Цаг агаар тун тааламжтай, ФМ-ээр гурван ч дуртай дуу минь дараалж яваад, таалагддаг хөвгүүн маань санаанд орж, ааш зан хачин сайхан байв. Нүүрэнд өөрийн эрхгүй мишээл тодорно. Алхсаар эцэст нь багшийнхаа орц руу орж, лифтний товчлуур дараад хүлээн зогсож байв. Гэнэт гараас минь нэг зүйл угзрав. Цочиж, эргэн харахад 30 орчим насны нүдний шилтэй, хар хөх цамц, саарал өмдтэй, туранхайвтар, дундаж өндөртэй эрэгтэй надад дэндүү ойрхон зогсож байлаа. Намайг тойрон хүрээлж байсан хөгжим, солонго, цэцэгс, шохоорхдог хөвгүүнээр дүүрсэн аюулгүй хөөс хагарах шиг л санагдаж билээ.

- “Би чамайг хорооллын эцсээс машинтай дагалаа. Дуудаад байхад сонсохгүй юм” гэж нөгөө хүн хэлэв. Тэр эр, лифтний хаалга хоёрын завсар хавчуулагдсан миний амнаас үг гарсангүй, зөвхөн нүд л ийш тийшээ бүлтэлзэнэ.

- “Чи их хөөрхөн инээмсэглэх юм аа, танилцаж болох уу? Дугаараа өгөөч?”

- “Ах аа… би арван жилийн жаахан хүүхэд” гэж би арай чамай хэлэв. Хоолой минь хатсан байна

- “Өө тэр хамаагүй ээ шүү дээ, том болчихсон охин байна” гэж хэлээд инээмсэглэсэн тэр хүний царай одоо болтол заримдаа миний хар дарсан зүүдэнд ордог. Зүрх маш хүчтэй, цээж өвдтөл цохилж, нуруу даган хөлс урсаж, хорсож загатнуулж эхлэв.

Ямартаа ч тэр явдлаас хойш би ахиж гудамжинд инээмсэглэхээ больж, байнга ууртай царай гаргаж явдаг болсон ба лифтээр явахыг бараг болив.

Айсандаа хөшөөд юу ч хийж чадахгүй болсон тэр үед азаар надтай хамт давтлага авдаг хүү бас орцонд орж ирсэн нь миний аврал болов. Би шуудхан үсрээд түүнийг сугадаж авахад нөгөө эр ч түргэхэн орцны үүдээр шургаад алга боллоо. Хамаг байдгаараа чангарсан байсан бие суларч, түүнтэй зэрэгцээд айсан байсан сэтгэл тайвширч юу болсныг нөгөө хүүд ярих үедээ би уйлж эхэллээ. Тэр хүү намайг тайвшруулж, давтлагын дараа гэрт хүргэж өгнө гэсэн ч “Яагаад тийм том хүн чамтай танилцах гэж дагасан байдаг билээ? Чи өөрөө ямар нэг юм хэлж, хийсэн юм уу?” гэж асууж билээ.

Энэ хэргээс хэдхэн сарын дараа миний найз охидын нэг мөн л лифт хүлээж байхад араас нь нэг залуу банзлыг нь сөхөж, өгзгийг нь алгадчихаад зугтсан талаар хэлэхэд ангийн хүүхдүүд түүний банзлын богинохон байгааг буруутгаж байсан юм. Тухайн үед бид өөрийнхөө ямар ч буруу зүйл хийгээгүй, гэмгүй гэдгээ нотлох гэж их л хичээж байсан. Орой орондоо орсны дараа би хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу ч гэж боддог байв. Ямартаа ч тэр явдлаас хойш би ахиж гудамжинд инээмсэглэхээ больж, байнга ууртай царай гаргаж явдаг болсон ба лифтээр явахыг бараг болив.

“Өөрөөсөө болсон” хэргүүд маань үүгээр дууссангүй ээ. 17 настайдаа би их сургуулийн оюутан болов. Их сургуулийн багш нарыг эрдэм мэдлэг цогцолсон, ёс зүйтэй, бидэнд ганцхан хичээл заах бус ажил амьдралын гараанд бэлдэх хүмүүс гэж тухайн үед би төсөөлж байсан юм. 9-р сарын 1-ний өглөө хамаг гоё хувцсаа өмссөн сэтгэл дүүрэн амьтан эхний хичээлдээ суугаад миний энэ төсөөлөл бүрэн арилав. 17–18 настай нэгдүгээр курсын бүлтгэнэсэн нүдтэй хүүхдүүдийн өөдөөс харж зогсоо багшийн хамгийн түрүүн хэлсэн үг бол “Хүмүүс намайг гаж донтон гэдэг.

Гэхдээ жирийн хүн 7 хоногт хэдэн удаа секс хийдэг, гаж донтон хэдэн удаа секс хийдэг гэдэг тоо баримт байдаг юм уу? Намайг гаж донтон гэдэг хүмүүс миний 7 хоногт хэдэн удаа секс хийдгийг мэддэг болоод намайг гаж донтон гэж нэрлэдэг юм болов уу?” гэж хэлснийг би одоо ч тодоос тод санадаг. Угийн бүлтийсэн байсан бидний нүд пял таваг шиг л хэмжээтэй болов. Дотор муухайрсан мэдрэмж төрж, хэдэн өдөр арилсангүй. Түүний хичээл дараа дараагийн удаа ч дээрдсэнгүй, ямар нэгэн байдлаар бэлгийн амьдралтай холбоотой, ёс бус зүйлс түүний хичээл дээр байнга яригдана. Түүний царайг хармагц зэвүү хүрэх тул боломж олдвол хичээлийг тасалдаг боллоо.

Ингэж явсаар улирал дуусах дөхөж, хичээл тасалсны пянгаар миний бие “супер оюутнууд” буюу тэр хичээлд муу гарах таван оюутны нэгээр тодорсон байлаа. Тэр таван оюутан нь бүгд эмэгтэй хүүхэд байсан бөгөөд “гаж донтон” гэдгээ ил тодоор хүлээн зөвшөөрсөн багш хэрвээ унамааргүй байвал хичээлийн дараа хүлээж байгаад дүнгээ засуул гэдэг шаардлага тавив. Бид гурван өдөр дараалан харуй бүрий болтол түүнийг өрөөнийх нь үүдэнд хүлээлээ. Хаалгаар гарч ирэх болгонд нь бид багш аа гэж аргадангуй зөөлнөөр гуйж байгаа нь түүнд таалагдаж байгаа нь илт. Сүүлийн орой түүнийг нэг хүний хамт өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж байгааг нь бид мэдэв. Хань татаж, хамт хүлээж байсан манай ангийн хөвгүүдийг багш “Гэртээ харьцгаа” хэмээн хөөж явууллаа. Удалгүй харанхуй хичээлийн танхимд орохыг багш тушаахад хярсан туулай шиг охид бие биедээ наалдан чичирсээр ороход тэр танхимын хаалгыг дотроос нь түгжлээ.

Тэгээд багшийн ширээний ард суугаад биднийг ээлжлэн тойруулж, бахархалтайгаар ажиглан ширтэнэ. Уруулынх нь буланд ёжтой инээмсэглэл тодорч, бидний айдсаас таашаал авч, хүч чадлын мэдрэмж төрүүлж байгаа нь мэдрэгдэж байв. Бидний нэрийг ээлжлэн дуудахад, бид дороо огло үсрэн харайх бөгөөд, тэр ширээний модон дээр нэрсийг маань бичиж ард нь F гэж чангаар зарлаж байв. Энэ дүнг өөрчлөхийг хүсвэл ширээн дээр гарч бүжиглэх болж дээ гэж тэр инээмсэглэн хэллээ.

Эмэгтэй хүн бодол, үг, үйлдэл, биеэ, өөрийгөө нуух ёстой. Учир нь эр хүн өөрийгөө хянах чадваргүй гэж нийгэм үздэг.

Миний дэргэд сууж байсан охиныг Сэрчмаатай тун адилхан гэж магтав. Бидний хэн нь ч хөдлөхгүй, шал ширтэн сууна. Энэ оройг яаж ийж байгаад зүгээр давчихвал ахиж “гаж донтны” хичээлийг хэзээ ч таслахгүй гэж би өөртөө ам өгч билээ. Тэр бараг цаг орчим тохуурхан, доромжилж, элдэв санал тавьсны эцэст уйлах нь уйлж, айх нь айсан бидэнд өөрийнх нь бичсэн номын цуглуулгыг худалдаж авснаар F гарахгүй байх санал тавьж, багшийнхаа өмнө ширээн дээр бүжиглээгүйдээ баярласан бид ум хумгүй зөвшөөрч, танхимаас гүйлдэн гарсан юм. Яг тэр гаж донтон дотно нөхөрлөдөг зургаан найзын маань гурвыг оройн хоолонд урьж, гэрийнх нь гадаа ирж, утас руу нь элдэв зурвас илгээх зэрэг ямар нэгэн байдлаар хандарч, бэлгийн дарамт үзүүлж, айдас түгшүүрт автуулж байсан юм. Харамсалтай нь бидэнд хандах газар, хамгаалах хүн байсангүй.

Яагаад гэвэл бүгд бидний өөрсдийн буруугаас л болдог гэдэг хариу авахаа мэдэж байв. Бид өөрсдөө хичээлдээ уначхаад багшийгаа хоргоодог, бид өөрсдөө илүү онооны бие даалт авъя гээд багштайгаа гар утсаар холбогддог, бид өөрсдөө залуу насны гоо үзэсгэлэнгээ гайхуулсан хувцас өмсдөг, бид өөрсдөө хичээлийн байран дээр чанга, чанга инээлдэж аальгүйтдэг. Хуулийн хариуцлага хүлээх насанд ч хүрээгүй шилжилтийн насны охид тэднийг сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн, нас биед хүмүүсийн нүгэлт бодол, гаж үйлдлийг өдөөсөн буруутан нь болно. Эмэгтэй хүн бодлоо, үгээ, үйлдлээ, биеэ, өөрийгөө нуух ёстой, учир нь эр хүн өөрийгөө хянах чадваргүй гэж нийгэм үздэг.

Танихгүй хүмүүс ийм аймшигтай юм чинь, гэр бүл зохиож, эр хүний хайр халамжид тайван жаргалтай амьдаръя гэж хүсэхээр бас л өөрийн буруугаас болж зовлон амсах нь их. Айл гэрт тохиолдож байгаа бүх гавьяа шагналыг эр нөхөр, алдаа дутагдлыг эхнэр хүлээдэг бичигдээгүй гайхалтай дүрэм үйлчилсээр л байна. Үндэсний статистикийн хороо ЦЕГ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, үйлдэгчийн судалгаагаар 10 монгол эмэгтэйн 6 нь амьдралынхаа туршид нөхөр/хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртдөгийг тогтоосон байна.

Нийт монгол бүсгүйчүүдийн 57.6 хувь нь эрүүл, аюулгүй байх ёстой гэр орондоо, хаалттай хаалганы цаана ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн үг. Биднийг хайрлаж, дээдэлж, халамжилж, хамт амьдрах тангараг өргөсөн хүмүүс хүч чадлаараа түрэмгийлж байхад ихэнх тохиолдолд хүчирхийллийн хохирогч буцаад буруутан болж хувирдаг нь хамгийн хачирхалтай. Хүчирхийлэлд өртсөнөө дэлгэсэн эмэгтэйг нийтээрээ жигшиж, амыг нь таглахыг оролдож, тэвчихийг шаардаж, хүчирхийлэгчийг аргадах, арчлах, гуйх, засах гэж хичээхийг санал болгодог ч хүчирхийлэл үйлдсэн эр хүнийг өмөөрөх ямар нэгэн шалтгааныг маш бүтээлчээр бодож олдог нь бүр ч гайхалтай. Эхнэр нь амнаасаа болсон, аашнаасаа болсон, ажилгүйгээсээ болсон, хатан ухаангүйгээс, өөрөөсөө болсон учраас нөхөр нь тэвчихээ больсон гэдэг. Нөхөр өөрөөсөө болж хүчирхийлэл үйлдсэн гэдэг хамгийн бодит үнэнийг харамсалтай нь бараг хэн ч хэлдэггүй.

Хүчирхийлэлд өртөж үзээгүй хүн гаднаас нь харахад зодуулан, загнуулан хамт амьдраад байдаг хохирогчийн буруу, түүнээс салаад явчхад бүх зүйл хэвийн болчих мэт санагдана. Гэвч бодит байдал дээр хохирогч асар олон үл үзэгдэх олсонд хүлэгдсэн байдаг.

Монголд хүчирхийлэлд өртсөн хүн амиа алдахаас нааш нийгмийн хамгаалалтад ордоггүй хачин тогтолцоотой. Хүчирхийлэлд өртсөнөө хэлж тусламж гуйгаад байхад нийтээрээ дооглоно, доромжилно, онигоо, маазраа болгож сэдвийг нь булзааруулна, өөрийнх нь сонгосон амьдрал, хохь нь гэж тавлана, түүний үгэнд эргэлзэнэ. Хүчирхийлэл үйлдсэн хүн харин барагтаа хариуцлага хүлээхгүй, ажлаа үргэлжлүүлэн хийж, нэр төр, байр суурь нь ганхахгүй хэвээр л байна. Бүр зарим нь дэмжиж амжилт хүснэ гээч?

Ганцхан хохирогч амь насаа алдсан тохиолдолд л гэнэт бүгдээрээ сайн хүн болж хөөрхий амьтныг өрөвдөж, матрын нулимс унагацгаана. Эвий хөөрхий, сайн хүн байсан юм шүү, эртхэн бидэнд хэлэхгүй яав даа гэж халаглана. Хүчирхийлэгчийг цаазал, бууд, ал, шатаа гэж орилно. Үнэхээр шударга ёс, эрх тэгш байдал хүсээд байгаа юм уу, өөрсдөө улай үзэх гэж улайрч байгаа юм уу гэдэг өрөөсөн хөмсгөө өргөмөөр асуулт. Амьд байхад нь түлхчхээд, үхсэн хойно нь гашууддаг нийгэм амьд үлдэгч эмэгтэй биш зүгээр л хохирогчдыг хүсээд байх шиг.

Хүчирхийлэл гэдэг маш ноцтой бөгөөд эмзэг, бас олон талт сэдэв. Үүнийг хар цагаанаар, өнгөцхөн тайлбарлаж болохгүй. Хүчирхийлэлд өртөж үзээгүй хүн гаднаас нь харахад зодуулан, загнуулан хамт амьдраад байдаг хохирогчийн буруу, түүнээс салаад явчхад бүх зүйл хэвийн болчих мэт санагдана. Гэвч бодит байдал дээр хохирогч асар олон үл үзэгдэх олсонд хүлэгдсэн байдаг. Хайр сэтгэл эхэлж байх үед ямар ч хүчирхийлэгч анхнаасаа хүчирхийлэл үйлддэггүй, би чамайг хүчирхийлнэ гэж сануулдаггүй. Харин ч эсрэгээрээ хамгийн халамжтай, түшигтэй, сайхан сэтгэлтэй хайр татам хүний дүр эсгэж, хохирогчийг зангандаа оруулах гэж итгэтэл жүжиг тоглодог юм. Хохирогч түүнд бүрэн итгэж, бүх зүрх сэтгэлээ дэлгэж, хайртай болох хүртэл түүний жүжиг хэчнээн ч удаан үргэлжилж болно.

Хохирогч түүнд хайртай болсон гэдэгт 100% итгэлтэй болсон цагтаа, өөрийг нь орхиж явж чадахгүй байдалд оруулчхаад, сайхан ирээдүйн итгэл үнэмшлийг тархинд нь бат суулгасны дараа л бага багаар хүчирхийлэл эхэлнэ. Бие махбодын хүчирхийлэл үргэлж сэтгэлзүйн хүчирхийлэлтэй хавсарч үйлдэгддэг. Хохирогчийн тал талаас нь хатгаж үзнэ, тэвчээрийнх нь хязгаарыг шалгана. Тэр үед нь өөрийгөө хамгаалах хариу үйлдэл үзүүлбэл тэр дороо больж, буцаад хайр ундарсан, хачин сайн хүн болж хувирна. Эхэндээ аз жаргалтай үргэлжлэх амьдралын дундуур хэсэг хар бараан мөч өрнөдөг байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам энэ харьцаа өөрчлөгдөж, хохирогч өөрөө ч мэдэлгүй хар бараан үеийн дундуур хааяахан нэг үзэгдэх аз жаргалтай мөчийн төлөө л амьдардаг болчихсон байх нь тэр.

Гаднын хүмүүст хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нь ойлгомжтой байхад хохирогч яагаад үүнийгээ өөрөө мэддэггүй юм бэ гэж үү? Мэдээж маш олон хүчин зүйлс бий. Гэхдээ би өөрийнхөө өнцгөөс тайлбарлах гээд үзье л дээ. Хүнд хайртай болно гэдэг итгэхийн нэр. Итгэл хүлээлгэсэн хүнээ бид эргэлзэлгүйгээр дагадаг, үг үйлдлийг нь үнэн гэж хүлээн зөвшөөрдөг. Итгэж хайрладаг хүнийг маань найдвар бас байнга дагаж байдаг. Чин сэтгэлээсээ хайртай хүн гар хүрч, хатуу үг хэлэхэд бид түүнийг ийм зүйл хийхийг хүсээгүй байх гэж итгэдэг, цаашид засарна гэж найддаг, ахиж ийм зүйл хийхгүй гэхэд үнэн гэж боддог. Ердөө ийм гуравхан орцтой холион бантанд хутгалдсанаас болоод хохирогч хүчирхийллээс гарч чаддаггүй хэрэг.

Нөхөртөө зодуулж салснаа олонд зарласнаа буцаад нийлсэн тэнэг хүүхэн, зодуулж байхдаа таарсан юм гэж хэлэхийг ч зөндөө сонссон.

Гудамжинд нөхөртөө зодуулж байгаа эмэгтэйг өмөөрөхөд буцаад дайрдаг учраас туслахаа больсон гэж жигшингүй ярьж байгаа хүмүүсийг би олон харсан. Нөхөртөө зодуулж салснаа олонд зарласнаа буцаад нийлсэн тэнэг хүүхэн, зодуулж байхдаа таарсан юм гэж хэлэхийг ч зөндөө сонссон. Гэвч хүчирхийллийн тойргоос гарах, хүчирхийлэгчийн нөлөөнөөс салах үйл явц маш ярвигтай, олон талтай, хүн өөрийгөө шинээр бүтээж байгаатай адил хэцүү зүйл гэдгийг ахин нэг сануулах гэсэн юм. Биеийн хүчирхийлэл сэтгэлзүйн хүчирхийлэлтэй хавсардаг гэж би дээр дурдсан. Хүчирхийлэлтэй орчинд удаан амьдарсан хүн хэвийн хүн шиг сэтгэн бодох чадвараа алдсан байдаг юм.

Мэдээж зөвхөн өөрийгөө харах өнцгийн хувьд л даа. Хүчирхийлэгч хохирогчийг холдуулахгүйн тулд үргэлж сэтгэлзүйн дайралт хийж, өөртөө итгэх итгэлийг нь тал талаас нь мэрж, нийгмээс тусгаарлаж, ойр дотнынхоос нь холдуулж, эцэст нь торонд хорьсон шувуу шиг болгочхоод өөрийнх нь тухай сөрөг зүйлсийг л давтдаг. Олон хүнтэй харьцахгүй, харьцдаг ганц хайртай хүн чинь таныг муулаад байхаар хүссэн хүсээгүй хүн түүнд нь итгэж, өөрийгөө бие даасан хүн биш хүчирхийлэгчийн нөмөрт амьдрах үүрэгтэй түүний өргөтгөл гэж бодож эхэлнэ. Хүчирхийлэгчтэй хамт байх зовлонтой ч түүнгүйгээр амьдрах аргагүй гэж бодтол нь тархи нь угаагдсан байдаг.

Хүүхэдтэй бол бас өнчрүүлэхгүй юмсан гэдэг хүсэл, нийгмийн дарамт ч бас бий. Хэчнээн хүчирхийлэлтэй амьдардаг ч сайхан цагийн дурсамжид хорогддог, түүнийг буцаад ирнэ, авчирч чадна гэж найддаг хүмүүс ч бий. Эсвэл санхүүгийн хүчирхийлэлд өртөөд, ажил хөдөлмөр эрхлэхгүй удсан учраас бие даан амьдрах чадвараа алдсан мэт санагдаж, түүнээс болж зовж амьдардаг хүмүүс ч олон. Тэд өдөр өдөр хүчирхийлэгчийн аашинд тохируулж л амьдардаг. Зодуулж, доромжлуулсан өдрөө сална гэж шийддэг, уучлалт гуйгаад ирэхэд нь уяраад тосоод авдаг, эргэж буцдаг, ийм давтамжийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бүр даван туулдаг юм. Тоосго бүрийг нь зөөж босгосон амьдралаа шуудхан хаях, тэр тусмаа хүчирхийллийн нөлөөнөөс болж өөртөө итгэлгүй болсон хохирогчид тийм шийдвэр гаргах боломж, чадвар тун хомс.

Гэхдээ ямар ч шалтгаантай байсан хохирогчийг буруутгаснаараа бид хүчирхийлэгчийг өмөөрч байгаа гэдгээ мартаж болохгүй.

Гэхдээ ямар ч шалтгаантай байсан хохирогчийг буруутгаснаараа бид хүчирхийлэгчийг өмөөрч байгаа гэдгээ мартаж болохгүй. Олгой хагаравч тогоондоо, овоо босгоогүй бол шаазгай, гээндээ ч гоондоо ч гэдэг хоцрогдсон үгсээр гэр бүлийн хүчирхийллийг хаацайлдаг цаг ард өнгөрчээ. Ааштай, аальгүй, ажилгүй, ууртай, ядаргаатай ямар ч шалтгаантай байсан тэр хүчирхийллийн сэдэл болохгүй. Аливаа асуудлыг хүчирхийлэлгүй шийдэх зам ямагт байдаг! Би 14 насандаа, 17 насандаа, 27 насандаа, ер нь хэзээ ч өөрөөсөө болж хүчирхийлэлд өртөж байгаагүй. Энэ бүхэн намайг хүчирхийлэх өөр хүний шийдвэр байсан юм.

Нас биед хүрсэн шүлсээ гоожуулсан эрчүүдийн ёс бус үйлдэлд цэцэг шиг охидоо буруутгаж шийтгэхээ болъё! Залуу нас, гоо үзэсгэлэнгээ гайхуулах гэсэн богино даашинз, өндөр өсгийтийг нь бэлгийн хүчирхийллийн урилга гэж хүлээж авахаа больё! Гудамжинд инээмсэглэх охидыг хамгаалдаг нийгэм үүсгэе! Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж яваа нэгнээ нийтээрээ нэмж сэтгэлзүйгээр хүчирхийлдгээ больё! Зовсон хүнийг буруутгалгүй алгаа тосоод угтаж авдаг, алдаанаас нь ам асууж ёжилдоггүй хүмүүс байя! Цоожтой хаалганы цаана ханилсан хүндээ гар хүрэх шийдвэр гаргасан хүнийг шүүн буруутгаж, хариуцлагыг нь хүлээлгэдэг болгоё! Үүний тулд юун түрүүн хохирогчийг буруутгахаа больё!

Энэхүү нийтлэлийг “Хөөрхөн Зүрх” ТББ-аас зохион байгуулж буй “Нэг Тэрбумаараа Тэмцье” олон улсын хөдөлгөөний хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч даван туулагчдыг буруутгахгүй байх хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиж байна. Таны ойлголт, таны хандлага хохирогч/даван туулагчдад ээлтэй, тэднийг буруутгахгүй нийгмийг бүтээхэд чухал юм шүү.

Нийтлэл бичсэн: Сэтгүүлч О.Агиймаа